ЭЕРЭГ ХАНДЛАГА

Арван цагаан буян бол хувь хүнийг аз жаргалтай байлгах шидэт рашаан эсвэл гэр бүл, ажлын байр болон нийгмийн стресс бухимдлаас сахин хамгаалагч тарнидсан зангиа юм. Мөн элдэв халдварт өвчнөөс сэргийлэх вакцин ч гэж бас хэлж болно.

Тэгэхээр эерэг сэтгэлгээ гэж юу вэ?

  1. Өөрт байгаа олон сайхан боломжийг үл хайхран бусдын эд зүйлд шунах
  2. Өрөөл бусдын амар амгаланг эвдэн уурлах
  3. Үнэн худлыг үл хайхран харанхуйгаар мунхаглах гурвын нөлөөнөөс ангид сэтгэх чадвар буюу ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлөөс хараат бус цоо эрүүл сэтгэлгээ юм.

Тэгвэл эерэг яриа гэж юуг хэлэх вэ?

  1. Бусдад санаатайгаар буруу мэдээлэл өгч төөрөгдүүлэх
  2. Хүмүүсийн эв эеийг хагалан бутаргах ухуулга хийх
  3. Хэн нэгний сэтгэл, биеийг зарсхийлгэн айлгах хараал доромжлол,
  4. Өөрийн болон бусдын үнэт цагийг хулгайлах үр ашиггүй буу халалт зэрэг чихээр дамжуулж эрүүл сэтгэлгээг дарангуйлах хорт зуршлын гаж нөлөөнөөс ангид зүй зохист хэл яриа болой.

Харин эергээр биеэ авч явах гэж юу вэ?

  1. Ямар нэг амьтны хүсэн хүлээсэн эрхэм нэгнийх нь амиар зугаацах
  2. Өөрөө хөдөлмөрлөх дургүй ч бусдын хөдөлмөрийн үр шимийг шимэгч амьтан шиг хулгайлах
  3. Бусдын эхнэр, нөхөртэй нөхцөж элэг бүтэн амьдрал сүйтгэх эсвэл нийгэмд садар самууныг байж болох зүйл шиг ойлголт хандлагыг төрүүлэх зэрэг өрөвч бус, шуналт, ёс зүйгүй үйлдлээс эрс татгалзаж чадсан хүнлэг чанар билээ.

Энэ амьдрал тэр бүү хэл дараагийн амьдралд ч аз жаргалтай учруулагч гайхамшигт бүхнийг чадагч бол эдгээр гурван эерэг хандлага мөнөөсөө мөн гэж хэлэхэд үүнийг үгүйсгэх ямар нэг логиктой тайлбар бидэнд олдохгүй.

Аз жаргалтай амьдрахад бидний буддист байна уу, үгүй юу гэдэг нь огт хамаагүй. Гэхдээ энэ сэдэв бол анхааралгүй орхиж үл болох зүйл шиг санагддаг. Тэгээд ч эндээс харахад эерэг байх нь хэцүү зүйл биш л байгаа биз дээ?

ЗӨВ СОНГОЛТ

Сэтгэшгүй олон галактик, тоолшгүй олон одод эрхсийг чухам яг ямар хүчин зүйлүүд бүтээсэн юм болоо? гэсэн гайхшрал миний сэтгэлд үргэлж төрөх болов. Энэхүү эргэцүүлэл холливудын нэрт жүжигчний хөтлөн хүргэж буй “Through the Wormhole with Morgan Freeman” гэдэг шинжлэх ухааны баримтат нэвтрүүлгээс үүдэлтэй юм.

Түүнээс биш ямар нэг далдын, ид шидийн, нууцлаг, учир битүүлэг, бүхнийг бүтээгч супер хүчтэй холбох гэсэнгүй. Тэгээд ч өчүүхэн миний үзэж судлах гэж оролдсон цөөн ном сударт ийм далдын супер хүч нэг ч дурдагдаагүйг энд хэлэх нь зүй билээ.

Сонирхуулахад энэ нэвтрүүлгийн сериалыг “Сансар огторгуйн нууц” нэрээр телевизийн нэг суваг дээр тогтмол гаргаж байгаа. Сансар огторгуйн нууцын талаарх өнөөгийн болон ирээдүйн онолын физикчдийн дэвшүүлж буй, хойшид ч гаргаж ирэх таамаг хэзээ нэг цагт батлагдаж, тоймгүй олон учир битүүлэг зүйлс хүн төрөлхтний хувьд нууц байхаа болих биз.

Харин миний хамгийн ихээр сонирхож буй зүйл бол миний ертөнцийн учир битүүлэг феномен юм. Харьцангуйн онолоор  бол миний өөрийн бие махбод гадаад сансар огторгуйгаас үл ялгарах инфинитив орон зай мөн. Израилийн Вейзманны шинжлэх ухааны институтын судлаачдын үзэж байгаагаар хүний биед хамгийн багадаа 39 триллион бактери байдаг ажээ. Асар их тоо. Зөвхөн үүнд хэдэн оронтой тоо орохыг нь сэтгэлдээ төсөөлөх гэхэд буухгүй болов уу. Ер нь энэ физик ертөнцийг гадагшаа ч тоолоод барахгүй, дотогшоо ч тоолоод мөн барахгүй.

Харин одоо үзэж судлахад амар, амьдрал практикт шууд үр дүнгээ өгөх хамгийн чухал зүйл рүүгээ оръё. Энэ бол хоёр ертөнцийн хаалга юм. Гэхдээ та үүнийг нөгөө онолын физикчдийн дэвшүүлж буй өөр хэмжээст орон зай руу нэвтрэх “Чавхдасын онол” ч юм уу эсвэл “Өтний нүхний онол”- ын талаар ярих гэж байна гэж бодох вий. Тэгээд ч тийм асар холын, онолын юм ярих нь миний ажил биш.

Энэ бол ердөө аз жаргал болон зовлон гуниг гэдэг хоёр ертөнц рүү нэвтрэх хоёр хаалганы тухай юм. Эхний хүсэмжит орон зай руу нэвтрэх гээд оролдоод байхад онгойдоггүй нууцлаг хаалгыг хувь хүний эерэг сэтгэлгээ, эерэг яриа, эерэгээр биеэ авч явах гэсэн маш энгийн гурван түлхүүрээр л нээдэг бол дараагийн үл хүсэх орон зайн хаалгыг амархан нээчихдэг нөгөө айхавтар далдын хүчин зүйлс нь ердөө хувь хүний сөрөг сэтгэлгээ, сөрөг яриа, сөргөөр биеэ авч явах гэсэн гурван түлхүүр л ажээ.

Энэ хорвоод зарим нь гэрлийн хурдыг яст мэлхий гэж үзвэл түүний хажууд дуунаас хурдан онгоц болох “Чавхдасын онол”-оор үл мэдэх нууцлаг бас огт өөр хэмжээст орон зай луу орох гэж оролдож байхад зарим нь аз жаргал гэсэн орон зайн хаалганд тохирох түлхүүрээ тодорхойлох гээд оролдож байх юм. Гурав нь цагаан, гурав нь хар өнгөтэй тул уг нь будлихааргүй.

Гэхдээ түрүүчийн хоёр оролдлогын аль аль нь надад гайхамшигтай санагддаг юм. Учир нь эхнийх нь шинжлэх ухааны дэвшилд хөтлөх бол удаах нь хүнийг жинхэнэ эрх чөлөөнд дагуулах учиртай.

ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨ

Буддын сургаал хувь хүний жинхэнэ эрх чөлөөний тухай ойлголтыг өгдөг. Арван цагаан буяны талаар мэдэхгүй хүн ховор боловч тэдгээрийг жинхэнэ эрх чөлөөнд хүргэх зам болгож чаддаг нь хэр олон бол? Эсрэгээрээ гэр бүлийн стресс, ажил мэргэжлийн стресс, нийгмийн стресс гэх мэт дарамтанд орж зовж шаналах нь их болж.

Тэгвэл эдгээр стрессийн шалтгаан юу юм бол? Мэдээж эерэг сэтгэлгээ, эерэг яриа, эерэг явдлын талаарх мэдлэгийг мэдрэмж болгож хөгжүүлээгүйнх ба эсрэгээрээ сөрөг сэтгэлгээ, сөрөг яриа, сөрөг явдал хувь хүний бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг алдагдуулагч хүчин зүйлс гэдгийг сайтар ухамсарладаггүйнх байх.

Бидний ихэнх нь буддизмыг зан үйл, соёл, шашин гэж харахаас хэтэрдэггүй. Үндсэндээ буддизмын бясалгал бол хувь хүний жинхэнэ аз жаргал болсон эрх чөлөөг тэр дундаа сэтгэлийн эрх чөлөөг бодитой мэдрүүлэх гайхамшигт арга техник гэдэгтэй одоо хэн ч маргахааргүй болсон. Энэ л аргаар мэдлэгээ нэмж, түүнийгээ мэдрэмж болгож, амар амгалангаа бүтээж болно.

Жишээлбэл Харвардын их сургуулийн анагаахын шинжлэх ухааны цахим хуудсанд буддын тогтоон төвлөрөх ахуй ба ажиглан шинжлэх бясалгалаар тогтмол хичээллэх нь байгалийн сайхан газруудаар амарч аялахаас илүү үр дүнтэй байдаг тухай шинжлэх ухааны нотолгоотой нийтлэл тавигдсан байх юм. Мөн дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын цахим хуудсанд бясалгалаас хүний уураг тархинд бий болдог олон эерэг өөрчлөлтийн талаар шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн тун нарийн тайлбарлажээ.

Зургийг BHANTE SARANAPALA

Түүнчлэн канадын цагдаа нар эргүүлд гарахын өмнө буддын бясалгалд албан ёсоор хамрагдаж эхэлснээр ажлын байрандаа болон хувийн амьдралдаа стрессээс ангижирч байгаа тухай их сонирхолтой нийтлэл олон улсын нэр хүндтэй, бодитой мэдээлэл түгээдэг цахим хуудсанд тавигдсан байдгийг уншигч та ч үзсэн болов уу.

Дээдийн номын утгыг сэтгэлдээ шим болгож буулгасан буюу бясалгасан хүн ертөнцийн хуран үймээнт бодлоос хагацан амар амгаланд цаг үргэлж ажирдаг. Энэ нь зовлонг үүтгэгч нисваанисын элдэв бодлоор өөрийн амар амгаланг эвдүүлэхгүй хэмжээнд сэтгэлээ сайтар дадуулсанд оршино. Хамгийн чухал үе болох төрөл егүүтгэх тэр агшинд ч амар амгалангаа хадгалж чаддаг ажээ.

Номтой хүний үхэл баяр баясгалан байдаг бол номгүй хүний үхэл айдас, харуусал байдаг гэдэг. Сайн төрөлд төрөх нь буян харгалздаг ч гэдэг. Нөгөө талаар үүнийг сэтгэлийн эрх чөлөө үргэлж зөв сонголт хийдэг гэж ойлгож болох юм.

ЯАГААД БЯСАЛГАЛ ГЭЖ?

Хүмүүс бясалгал гэдэг үгийг хэт өндрөөр, зөвхөн үндсэн бүх судлагдахуунаа сурч мэдсэн лам хүний л хийх ёстой зүйл мэтээр ойлгодог. Өнөөдөр бясалгал хийх уламжлалт болон шинэ шалтгаанууд гарч ирж байгаа бөгөөд түүнд суралцагчдыг доорх байдлаар ангилж болно.

Үүнд:

  1. Буддын судар, тарнийн ёсонд суралцсан лам хуврагууд болон дияанчид
  2. Сэтгэл судлалын салбарынхан
  3. Сэтгэл хангалуун амьдрахыг эрхэмлэгчид
  4. Сэтгэл зүйн засал хэрэгтэй хүмүүс
  5. Бясалгал, иогоор хичээллэдэг хүмүүс

Зарим хүмүүс бясалгалыг буддын шашны судлагдахуун гэж үздэг бол зарим нь үүнийг анхаарал тэнцвэржүүлэх, элдэв сэтгэлийн хөөрөл болон гутралын төлөвт орохгүй байх шилдэг арга техник, эсвэл эрүүл сэтгэхүй болон уураг тархи хөгжүүлэх, бие махбод эрүүлжүүлэх, аз жаргалтай амьдрах хамгийн шалгарсан арга зам гэж үзэх ажээ.

Хүмүүсийн оюуны чадамж харилцан адилгүй байж болно. Гэхдээ бясалгалыг өөрсдийн сэдлийнхээ төвшинд тааруулан авч ач тусыг нь заавал хүртэх хэрэгтэй болов уу. Ядаж л өөрөөсөө хамааралтай хүмүүсийг өөрийнхөө үнэн гэж бат итгэдэг хэлбэржсэн, ягшмал үзэл болон хэл яриа, биеийн сөрөг хандлагаараа хэрхэн зовоодгоо таньж мэдэхэд энэ арга техник бидэнд их тус болох нь лавтай.

Түүнчлэн бясалгалыг зөвхөн буддистууд хийдэг цаг ард үлджээ. Тэс өөр үзэл онолтой бусад шашныхан ч зарим буддистуудын хийдэггүй бясалгалыг сэтгэлийн амар амгаланг бий болгох гэж хийдэг болсон.

Ямартай ч бие, хэл, сэтгэлийн эерэг хандлагыг бий болгох явцад элдэв стресс тайлагддаг. Олон ном уншиж сонсох нь мэдлэг юм бол стресс тайлагдахын хэрээр баяр баясал төрөх нь мэдрэмж байх ёстой. Хүн бүр бясалгалын тухай мэддэг шигээ түүнээс төрөх баяр баясгаланг нь ч мэдрэх ёстой.