Уурын гэм

Уурын гэм
Зургийг М.Мишээл

Уур гэдэг сэтгэлийн хортой хөдөлгөөний талаар ярихын өмнө бид түүний шинж чанар болон үр дагаварынх нь талаар мэдэх ёстой. Тэгвэл уур гэж юу вэ? Товчхондоо энэ бол хүний анхаарлын тэнцвэртэй байдлыг дарангуйлагч сэтгэлийн хортой төлөв. Мөн эрүүлээр сэтгэж зөв шийдэл гаргах чадварыг алдуулагч хүчин зүйл.

Хүн хэзээ ч уурлах юмсан гэж хүсдэггүй. Гэвч нөхцөл байдал өөрийнх нь хүссэнээр явахгүй тохиолдолд хүн өөрийн эрхгүй уурлаж тухайн асуудлыг улам ээдрээтэй болгож хувиргадаг. Өөрийгөө хянах чадвар муутай хүн асуудлыг эерэг талаас нь харахын оронд айдас түгшүүрээс үүдэлтэй араатанлаг шинж чанараа ингэж ил гаргадаг. Уурлах давтамж нэмэгдэх нь хувь хүнд бат бөх зуршил суулгадаг. Нэгэнт зуршил болсон хойно хүн өөрийнхөө уурлаж байгааг ухамсарлаж мэдэх чадвараа алддаг.

Гэхдээ уур гэдэг энэ сэдвийг хөндөхдөө уурандаа захирагдсан хэн нэгийг өрөвдөх бус харин түүний хажууд цөхөрч байгаа хүмүүсийн зовлон шаналлыг онцлох нь зүйтэй. Үнэндээ ууртай хүн “Би их ууртай. Яавал уураа барьж сурах вэ?” гэж ихэнхдээ асуудаг. Харин энэ байдал нь тухайн хүн “нэг илүүц ачаанаасаа яаж салах вэ?” гэж өөрийгөө л анхаарсан юм шиг харагддаг. Ийм төлөвийн өөрийгөө бодсон хүнд уурын гэм хорыг хичнээн яриад нэмэр багатай байх нь бий.

Тэрний оронд хажууд нь байгаа хамгийн хайртай, дотно хүн нь яаж айдас хүйдэст автан, зовж шаналж байгааг ойлгуулах нь зүйтэй болов уу. Үнэндээ ууртай хүний дэргэд эсвэл түүний нөмөр нөөлөгт хоргодож амьдарч байгаа хамгийн ойр дотны хүмүүс нь үргэлжийн айдас түгшүүр, дургүйцлээс болж толгой өвдөх, хоолны шингэц муудах, нойргүйдэх, түгшүүрт автах, гутралд орох, даралт ихсэх, арьс өвчлөх, зүрхний шигдээс тусах болон цус харвах эрсдэл нэмэгдэх зэрэг бие махбодын хүнд дарамтыг туулж цөхөрдөг.

Ууртай хүн өөрийгөө (ганц тоо) зовоохоосоо илүү бусдыг (олон тоо) зовоодог нь харамсалтай. Бусад гэдгийг нь тодруулбал тухайн хүнээс нөмөр нөөлөг, түшиг тулгуур, итгэл найдвар хүлээсэн зөөлөн сэтгэлтэй хүмүүс л байдаг. Иймд хүн өөрийнхөө муу занг бус харин түүний золиос болсон хамгийн хайртай, дотны хүмүүсийнхээ зовлонг л анзаарах хэрэгтэй. Тэгж харж чадвал уураа хянах ёстойгоо сэтгэл зүйн хувьд ухамсарладаг. Учир нь хүн хайртай хүмүүсийнхээ зовлонгоор хооллож жаргадаг амьтан биш билээ.

Нөгөө талаас харвал уураа барьж чаддаггүй хүн хамгийн хайртай хүмүүсийнхээ энэ амьдралд стресстэх, гутралд автах, улмаар дараа төрөлд муу заяанд унах шалтгааныг өөрсдөөр нь хийлгэдэг. Тодруулбал хүний гараар могой бариулна гэж ярьдаг шиг ууртай хүн өөрт хамгийн их хамаатай хүнээ уурлуулж, стресстүүлж, хараал хэлүүлж, буруу тангараг тавиулж хилэнц хураалгуулчхаад юу ч болоогүй юм шиг сэтгэл өвдөхгүй байж чаддаг нь хамгийн ихээр халаглууштай.

Тэгэхээр асуудлын гол нь ууртай хүний уураа барьж чадахгүй хямрахад бус харин түүний бай болсон өөрөөс нь хамааралтай оршихоос өөр аргагүй, өөрийнх нь өмнө хүч мөхөстсөн хүмүүсийн цөхрөлд байгаа юм. Тэд хэн нэгний стрессийг тайлах зориулттай шидэж хагалдаг шаазан таваг биш. Тиймээс өөрийгөө л бодон муйхарлаж бусдын уураг тархины эд эсийг нь шатаан, элэг зүрхийг нь эмтлэн шаналгасаар “жаазтай зураг” болсон хойно нь халаглаж суухын оронд амжиж уучлал гуйж, хайрлаж, инээмсэглүүлж, баярлуулж, асарч, энэрвэл юутай утга учиртай болох вэ.

Өөрийгөө бодсон сэтгэлээр уураа барьж чадахгүй бол бусдыг бодсон сэтгэлээр уураа хянахыг оролдох нь заримдаа илүү үр дүнтэй байдаг. Эрхэм уншигч та “Бодь сэтгэлийн бясалгалын тухай” хэмээх хэсгээс энэ талаар илүү ихийг уншиж эргэцүүлээрэй.