ҮХЭЛ МӨНХ БУСЫГ ЭРГЭЦҮҮЛЭХ (хэрхэн бясалгах вэ IV)
Би анх энэ сэдвийг сонсоод төдийлөн таатай хүлээж авч чаддаггүй байж билээ. Яагаад ч юм үүнийг бүр мөсөн дуусах, эцсийн цэг, түнэр харанхуй, айдас хүрэм, там, үхлийн элч гэх мэтчилэн таагүй ойлголттой холбож боддог байв.
Хувь хүний амьдрал дээр авч үзвэл үхэл, мөнх бус гэж матери, энерги, цаг хугацаа, орон зайн47 асар хурдтай хувьсан өөрчлөгдөх энгийн үйл явц. Асар хурдтай хувьсан өөрчлөгдөх гэдгийг тодруулж ойлгохын тулд дараах жишээг авч үзье.
Нэг секунд гэдэг нь бидний мэдэх цаг хугацааны хамгийн богино хэмжүүр мөн. Тэгвэл энэ нэгжид нэг тэрбум наносекунд багтдаг гэдгийг та сонссон болов уу. Тоогоор илэрхийлбэл 1 секунд 1,000,000,000 наносекундтэй тэнцдэг гэсэн үг. Тэгэхээр дээрх дөрвөн хүчин зүйлд хамаарах бүхий үзэгдлүүд цаг үргэлж асар хурдтайгаар хувьсан өөрчлөгддөг байх нь.
Хүний сэтгэл болон таван мэдрэхүй ч байнгын хувьсал хөдөлгөөнд байдаг бол тэдгээрийн орон болох дүрс, дуу, үнэр, амт, дөрвөн махбод ч ялгаагүй хувьсан өөрчлөгдөг гэсэн үг бөгөөд би, та, тэд, бид бүгдийн бие махбод, эд хогшил ба тэдгээрийг үзэх бидний сэтгэлийн хандлагууд ч өөрчлөгдөж байх ажээ.
Дээр дурдагдсан бүх зүйлс алдран одох үйл явцыг л товчхондоо үхэл мөнх бус гэж үзнэ. Гэхдээ үхэл мөнх бусын тухай ойлголт бол айдас хүүдсийг дэвэргэх гэсэн зүйл огт биш. Буддизмд үхэл мөнх бусыг бясалгахыг баларч доройтохтой холбоотой гутранги үзэлтэй огт холбож үзэхгүй харин асар их буяныг хураах арга гэж өөдрөгөөр хардаг.
Яагаад гэвэл үхэл мөнх бусыг бясалгаснаар юмс үзэгдлийн туйлын хувьсамтгай шинж чанарыг таньж сурна. Түүгээр үл барам агшин зуурын амгаланг бус ашдын амгаланг нөхцөлдүүлэх шалтгаануудыг сурвалжлан тогтоох, бодитой үнэлэх чадвар суудаг.
Тодруулбал үхэл, мөнх бусыг ухаарсан хүн харвасан од шиг гялалзаад өнгөрөх үзэгдэлд авталгүй, хэзээ ч эрчлэн ирээд юуг ч хуй хаман авч одох матери, энерги, цаг хугацаа, орон зайн хувьсган өөрчлөх хүчтэй шуурганаас урьтаж өөрийнхөө болон өөрт хамаатай хүмүүсийн сэтгэлд үл бөхөх, түүнчлэн улам арвидах амар амгалангийн үрийг тарихыг эрхэмлэгч болдог.
Тэгэхээр үхэл мөнх бусыг ухаарна гэдэг нь өөрт болон өрөөлд тустай эерэг сайн, сайхан үйл болгоныг хойш тавилгүй цаг хугацаатай уралдаж хийж гүйцэлдүүлнэ гэсэн утгыг илэрхийлж байна.
Угтаа юмс үзэгдэл эл шуурганд тэсч үлдэхгүй нь тодорхой. Тэгвэл тэдгээр хэврэг юмс үзэгдэл бидний хүсэн хүлээсэн жинхэнэ амар амгаланг хэзээ ч нөхцөлдүүлж чадахгүй. Жишээлбэл бид багадаа нартай борооны дараа татсан элдэв өнгөт солонгыг хөөж барих гэж ихэд хүч гарган чармайн гүйдэг байсан. Тэгж гүйх тусам гэрээсээ холдоно.
Харин хэсэг хугацааны дараа тухайн оролдлого нь үр дүнгүй болохыг мэдээд буцах үедээ гэрээсээ ямар их холдсоноо мэдэрдэг байв. Тэгвэл бид одоо ч тэр л солонго барих гэж оролддог байсан нялх багын зангаа давтаад, жинхэнэ аз жаргал, амар амгаланг солонго шиг тодрох бас хувьсан өөрчлөгдөх материаллаг зүйлсээс олж авах гэж оролдох ажээ.
Тэгвэл тэр хэмжээгээр өөрт болон өөрийн хамгийн эрхэм хүмүүстээ ямар ч материаллаг зүйлээр орлуулашгүй жинхэнэ аз жаргалыг бүтээх чадалтай хамгийн бодит боломж болох асрал, энэрэл буюу оюун ухаант хүний хамгийн үнэт зүйлээсээ алслан холдсоор байдаг байх нь.
Харамсалтай нь алсрах тусам нөгөө бодит боломжууд бидний эрхэм хүмүүсийн минь хамт матери, энерги, цаг хугацаа, орон зайн хүчтэй шуурганд хийсэн одсоор байх ажээ. Тэр бүү хэл заримд нь “хайртай”, заримд нь “уучлаарай” ч гэж хэлж амжаагүй байхад нөгөө хүчтэй шуурга хуу хаман оддог. Энэ бүхний дараа бид л харамсаж үлддэг.
Жинхэнэ аз жаргал хүмүүсийн сэтгэлийн эерэг хандлагуудаас хамаарч бий болдог ба харилцан хамаарлын шинж чанартай.
Харин эд материал нэг цагт сэтгэл ханахын тулгуур болох боловч нөгөө цагт гуньж гутрахын шалтгаан ч бас болдог талтай.
Учир нь энэ их асар хурдтай хувьсан өөрчлөгдөх цаг хугацаа, орон зайд бидний хүсээд араас нь хөөгөөд байгаа эд зүйлс тэр бүү хэл тухайн эд зүйлсийг үзэх сэтгэлийн хандлага хүртэл алга урвуулсан мэт агшин төдийд л өөрчлөгдөж одох нь олонтоо тохиодгийн нэг тод жишээ нь эдүгээ дэлхийн ихэнх улсад дэгдээд буй COVID-19 цар тахлын өмнөх ба дараах үеийн нийгмийн огцом өөрчлөлтүүдийн дүр төрх билээ.
Нэг үе дэлхийн улс орнуудад даяарчлалын нөлөөгөөр улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд нээлттэй бодлого барьж байсан бол өнөөдөр бүгд хилээ хааж, дотоод гадаадын аяллын бүх урсгалыг хүн ардынхаа аюулгүй байдлын үүднээс бүрэн зогсоогоод байна. Энэ гэнэтийн өөрчлөлт өмнө нь хэний ч санаанд бууж байгаагүй болов уу.
Ер нь үхэл мөнх бусыг бясалгах гэдгийг асар хурдтай хувьсан өөрчлөгдөх энэ цаг хугацаа, орон зайд орших элдэв үзэгдэл дунд тодрох олон эерэг боломжийг цаг алдалгүй өөрийн болон өрөөл бусдын аз жаргалын шалтгаан болгож ашиглах чадвартай эрүүл ухамсар хөгжүүлэх бясалгалын сонгодог арга гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол айлгах төлөвлөгөө огт биш билээ.
Арван нэгэн жилийн өмнө уртын бясалгалд хамт суусан олон жилийн ажлын туршлагатай америк сэтгэл судлаач танил маань “Хүний утга учиртай амьдарсан эсэхийг үхлийн өмнөх сэтгэл санаанынх нь төлөв байдлаар тодорхойлж болдог. Энэ үед анхаарлаа тэнцвэржүүлж өөрийгөө хянаж чадаж байгаа хүн нь мөнх бусыг санан өөрийгөө болон өөрийн хамгийн эрхэм хүмүүсийг аз жаргалтай байлгах бүх боломжийг ашиглаж чадсан байдаг тул эцэст нь сэтгэл зүйн хувьд харамсах, айх, эргэлзэх, хоргодох зүйлгүйгээр жам ёсыг хүлээн авдаг. Харин мөнх бусыг ухаараагүй хүний сэтгэл зүйд их зүйлийг алдсан мэт харамсал төрж хямардаг” гэж ярьж байсан юм.
Тэгвэл настай лам хуврагууд “Номтой хүний хувьд үхэл баяр баясгалан бол номгүй хүний хувьд уй гашуудал мөн” гэж сургадаг байсан нь үхлийг цэг бус таслал болохыг ухааруулах гэж оролдож байсны илрэл билээ.
Түүнчлэн III Далай лам Соднамжамц Түмэдийн Алтан хааны заллагаар Монгол нутагт морилохдоо туурвисан “Бодь мөрийн зэргийн тунгаамал алт” хэмээх бүтээлдээ “Үхлийн өмнөх агшин тухайн хүний дараа төрлийг тодорхойлдог. Тэр үед сэтгэлд нь буяны бодлууд тодорвол гурван сайн заяаны нэгд, нүглийн бодлууд тодорвол гурван муу заяаны нэгд төрөх нь магадтай байдаг” хэмээн айлдсан нь дээрхийг бататгаж буй хэрэг.
Орчин цагийн сэтгэл судлалд үхлийн үеийнх нь сэтгэл зүйгээр хүний хэрхэн амьдарсныг нь тодорхойлж болох бол буддын сэтгэл судлалд үхлийн үеийнх нь сэтгэл зүйгээр дараах төрлийг нь тодорхойлж болох ажээ.
Сансрын уудмыг судлахаар хөөргөсөн NASA-гийн Hubble хэмээх хүчирхэг дуран авиан авсан зурагт буусан мэдээлэл дээр суурилж сансар огторгуйд хамгийн багадаа 100 тэрбум галактик оршиж байгаа болохыг эрдэмтэд тооцоолон гаргасан байдаг.
Бидний өчүүхэн мах цусан бие битгий хэл тэдгээр тоомгүй олон галактикууд ч их тэсрэлт, их юүлэлтийн нөлөөгөөр үүсч, оршиж, задарч, хоосрох дөрвөн мөчлөгөөр үргэлж хувьсан өөрчлөгддөг байх нь.
Тэгэхээр Бурхан багш үхэл мөнх бусын хорвоо буюу эргүүлгийн мөн чанарыг айлдахдаа асар хурдтай хувьсан өөрчлөгддөг гадаад юмс үзэгдэл бидэнд жинхэнэ амар амгаланг нөхцөлдүүлж чадахгүй тул зовлонгийн шалтгаан болсон өмчилж шунах, үзэн ядах, мунхрах сэтгэлээ ариусган хөгжүүлэхийг чухалчилжээ.
Чухамдаа үхэл мөнх бусыг бясалгах гэдгийг энгийнээр тайлбарлавал хожим харамсахгүй, зовохгүйн тулд өөрийгөө болон өрөөл бусдыг аз жаргалтай байлгах олон боломжуудыг сурвалжлан тогтоож, бодитой үнэлж, хойш тавилгүй ашиглаж сурах гэсэн утгатай.
Одоо та өөрт тухтай байдлаар суугаад бясалгалынхаа тунг гурван минутаар тохируулан бясалгахад бэлдээрэй. Ингээд үхэл мөнх бусыг дараах байдлаар бодож бясалгаарай.
“Энэхүү асар хурдтай хувьсан өөрчлөгдөх цаг хугацаа, орон зайны хэмжээст оршиж буй бүх юмс үзэгдэл үхэл мөнх бусын хуульд захирагдана. Би ч ялгаагүй үхэл мөнх бусын хуулиас зугтаж чадахгүй. Энэ бол ердөө л жам ёсны зүйл айж түгшиж, зовних асуудал биш.
Амьдралд баталгаатай зүйл гэж нэг ч үгүй болохоор би хэзээ үхэхээ таашгүй. Гэхдээ баталгаагүй зүйлд найдаж болдоггүй шиг өөрийн болон бусдын баяр баясгалан, аз жаргал, амар амгаланг нөхцөлдүүлэх эерэг сайн үйлүүдийг хойш тавьж тайвширч болохгүй. Аль болох цаг хугацаатай уралдаж хийх нь зөв. Учир нь 30 жилийн дараа үхэх байсан ч гэсэн маргааш үхэх юм шиг санаж өөрийгөө болон өөрөөсөө хамааралтай орших хүн болгоны баяр баясгалангийн шалтгаан болох, үзэл бодол, үйл хөдлөлийн зөрөлдөөнөөс болж эв зохицолгүй болсон хүмүүсийг чин сэтгэлээсээ уучлах зэрэг нь миний амьдралыг утга учиртай, амар амгалан болгохоос гадна бусдын амьдралыг ч утга учиртай, амар амгалан болгоно. Энэ бол ухамсарт хүний амьдралын замнал. Бусдыг нь адгуус амьтан ч хялбархан чадна.
Ингэж чадвал үхэхийн цагт надад харамсах, хямрах зүйлгүй байх бөгөөд үхэл гэдэг коридороос зөв хаалгыг сонгон өөрийн үйлийн барилдлагатай эрхэм хүмүүсийнхээ орон зайд эргэж ирэх болно. Гэхдээ зөв хаалгыг сонгохын тулд зөв үхэх хэрэгтэй ба зөв үхэхийн тулд зөв амьдрах нь чухал. Эс бөгөөс буруу сонголт хийж өөрийн барилдлагатай эрхэм хүмүүсээс хэдэн галаваар хагацах нь буруу (хөөрөл гутралын аль нэгд автаж анхаарлын тэнцвэрээ алдах) үхэхээс шалтгаалах бол буруу үхэх нь амьдралын туршид хураасан буруу дадал зуршлаас хамаарна.”
Тэгэхээр үхэл мөнх бусыг санаж бясалгахгүй бол мөнхөд амьдрах юм шиг эндүүрч эд материалыг шүтэж эхэлдэг нь тоогүй. Үхэхийн цагт миний ухамсар материйн нөлөөнөөс хагацах тул амьдралын тав тухыг хангагч хүчин зүйлүүд болох эд материал бусдынх болоод ард үлдэх нь гашуун үнэн.
Сэтгэл судлал талаас нь үзвэл буддын энэ сонгодог сургаал, бясалгагдахуун хүнийг эх дэлхийн нөөцийг хэзээ хэзээгүй шавхаж дуусгаж магадгүй утга учиргүй хэрэглээг шүтсэн материалист хандлагаас идеалист хандлага руу чиглүүлж байдаг. Мөн энэ сургаал, бясалгагдахуун нь хувь хүнд цаг хугацааны үнэ цэнийг ухамсарлуулж, эерэг, сайн сайхан зүйлд шамдуулж, сөрөг муу зүйлсээс татгалзуулдаг тул аль ч нийгэмд итгэл найдварын жишээ болж байдгаараа гайхалтай.
Эцэст нь дахин хэлэхэд үхэл мөнх бусын тухай ойлголт нь муу ёр, бэлгэ дэмбэрэлгүй зүйл, зогсонги үзэл, гутранги хандлагатай огт холбоогүй. Харин сайн сайхан үйлийг цагтай уралдан гүйцэлдүүлэхэд дуудсан, сайн мотивацийг өдүүлсэн, үргэлж идэвхтэй байхыг уриалсан соён гэгээрүүлэх номлол билээ.