ҮЙЛИЙН ҮРИЙГ ЭРГЭЦҮҮЛЭХ (хэрхэн бясалгах вэ III)
Бодисын хамгийн нарийн (кварк)-аас хамгийн том нэгдэл (галактик) хүртэл бүх үзэгдэл (феномен)-ийг бурхан эсвэл бүтээгч эзэн, далдын супер хүч бүтээгээгүй. Тэд зөвхөн үйлийн үр буюу шалтгаан нөхцөл ба үр дагаврын гинжин хэлхээсэнд байнгын хөдөлгөөнд оршдог.
Жишээлбэл нар, сар, гараг, дэлхий, уул, ус, ургамал, амьтан, нян, бактерийг анх хэн ч эсвэл ямар ч далдын хүчин бий болгоогүй. Бурхан багш бүх феноменд анхдагч болоод эцсийн гэх туйлын буюу абсолют цэг гэж байхгүй ба эдгээр нь асар нарийнаас асар өргөн хэмжээний хувьсал хөдөлгөөний зарчимд тулгуурлан оршдог тухай айлдсан юм. Тэр бүү хэл их юүлэлт болон их тэсрэлтийн процесс ч эцэс төгсгөлгүй үргэлжийн хөдөлгөөнд оршдог ажээ.
Түүнтэй адилхан хүний сэтгэлийг аль нь ч бүтээгээгүй. Тийм болохоор хүний жаргал, зовлон далдын хүчний шагнал, шийтгэл биш. Бидний жаргах, зовохыг бидний хяналттай ба хяналтгүй сэтгэлийн хандлагууд тодорхойлдог бөгөөд үүнийг сайтар ухаарвал шалтгаан нөхцөл ба үр дагаврын хуулийг бүрэн таньж ухаарахад дөтчилнө. Хамгийн чухал нь үйлийн үрийг ухаарсан хүн өөрийн жаргах, зовохоо ухамсартайгаар шийдэх чадалтай болно. Тиймийн учир монголчууд “Үлгэрийн далай судар”-ыг ойлгосныг нь цэцэн, үл ухаарсныг нь тэнэг хэмээн ёгтолдог байжээ.
Гэтэл хүмүүс зовлон бэрхшээлтэй тулгарахдаа “Аль насанд хийсэн үйл лай юм бол доо” ч гэдэг юм уу эсвэл “Хорвоо хүний зовлонд ханах болоогүй юу!” гэж шалтгааныг нь улам өөрөөсөө холдуулдаг нь нууц биш. Эсвэл тухайн зовлонгийн угийг харагдаж үзэгдээгүй лустай холбож хариуцлагаасаа зайлс хийхийг оролдох нь ч бий. Аливаа асуудлын шалтгааныг болон шийдлийг хүн өөрөөсөө л хайхгүй бол улам цөхөрч эрүүлээр сэтгэх чадвараа гээж эхэлдэг.
Асуудалд хандаж байгаа бидний сөрөг хандлагууд бидний эрүүлээр сэтгэх нөхцөлийг хааж, буруу дадал хөгжих бололцоог буй болгодог. Харамсалтай нь энэ буруу дадал нь бусдын аз жаргалтай байх эрхэнд шууд халддаг бөгөөд ялангуяа өөрөөс нь хамааралтай, нөмөр нөөлөгт нь амьдарч байгаа үр хүүхдүүдийнх нь хүмүүжил, амьдралыг үзэх үзэлд нь сөргөөр нөлөөлөх аюултай.
Иймд хүн амьдралынхаа туршид бусдаас хамаарч, бусдад нөлөөлж явдаг гэдгээ маш сайн ухамсарлахын тулд энэхүү үйлийн үрийн зарчмыг судлахаас өөр замгүй. Үндсэндээ энэ зарчмыг ухамсарлаж ойлгохгүй бол бидний чин сэтгэлийн инээд бусдын тайвшрал тайтгарлын сурвалж, мөн бидний хөмсгөө атируулсан төрх бусдын айдас, түгшүүрийн шалтгаан болж байдгийг огт мэдэхгүй, мэдрэхгүй өнгөрөх биз ээ.
Чухамдаа хүн үйлийн үрийн зарчмыг огоорч муйхарлан өөрийгөө зовоож болох хэдий ч бусдын буюу өөрийнхөө хамгийн эрхэм хүмүүсийн зовлонгийн шалтгаан болох ёсгүй.
Тэгэхээр үйлийн үр бол хариуцлагын тухай ойлголт. Би эхэлсэн бол би өөрөө үүрэх ёстой зүйл гэсэн үг. Үйлийн үрийг хариуцлага гэж харахгүй бол бид асуудлыг бодитой судалж, түүнээс гарах зөв шийдлээ олохгүй түүртсээр байх нь тодорхой. Тэгвэл одоо надад төрж буй таатай, таагүй бодлууд, мэдрэмжүүдийн уг шалтгаан нь ухаан орсноос өнөөг хүртэлх хугацаанд эерэг, сөрөг бодлуудаар нөхцөлдөж хэлбэржсэн дадал зуршлуудын илрэл болж байна.
Өнгөрсөн хугацаанд хамаарах миний сөрөг бодлоор нөхцөлдсөн үйл буюу дадал зуршил маань одоогийн таагүй бодлууд болон мэдрэмжүүдийн шалтгаан болж байгаа нь үйлийн үрийг ухаарсан одоогийн сэтгэл маань эерэг бодлуудыг хөгжүүлж, тэдгээрийг эерэг дадал зуршил болгох юм бол ирээдүйн амар амгаланг маань нөхцөлдүүлнэ гэсэн утгатай. Бурхан багш үйлийн үр хуурмаггүй гэж айлдсан нь өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаа ухаарсан нь жаргах ба ухаараагүй нь цөхрөнө гэдгийг харуулсан байх нь.
Одоо та бясалгалын суудлаар суугаад бясалгалынхаа тунг гурван минутаар тохируулан бясалгахад бэлдээрэй. Өмнө сэтгэл зүй болон бие махбодид хүчтэй цочрол өгсөн таагүй зүйлсийг эргэн сана. Түүний шалтгааныг тодорхойлох гэж дотроо оролд. Мөн түүнийг улам хүндрүүлэхгүйгээр өнгөрүүлчих боломж байсан бол юу байх байсан талаар эргэцүүлж үзээрэй.
Хэдийгээр өнгөрснийг өөрчилж болохгүй ч гэлээ үйлийн үрийг бясалгаж байгаа энэ ухаан чинь хожим тохиолдох асуудлуудыг хөнгөхөн даван туулах боломжийг танд олгох юм. Тиймээс үйлийн үрийг ухаарах нь өнгөрснийг өөрчлөхгүй ч ирээдүйд өөрийгөө болон өөрийн чинь нөмөр нөөлөгт байх хүмүүсийг эергээр өөрчлөх хүчтэй хамгийн бодилог сургаал билээ.
Ямартай ч үүнийг бясалгадаг хүн өнгөрсөнд тохиолдсон таагүй зүйлсийн талаарх харамссан, гэмшсэн бодлын хүлээснээс ангижирч ирээдүйд илүү хариуцлагатай байх хандлагыг бий болгодог.
Бас олон жилийн туршлагаас харахад үйлийн үрийг бясалгаж байгаа хүмүүс бусдыг уучилж сэтгэлээ хамгийн сайхнаар суллаж чаддаг байна. Үүнээс илүү сайхан зүйлс хүний амьдралд тийм ч их биш болов уу.