Тогтоон төвлөрөх бясалгал¹ нь анхаарал тогтоох бясалгал бөгөөд амарлин ахуй бясалгалын суурь юм. Буддын шашны судрын ёсонд тогтоон төвлөрөх ба ажиглан шинжлэх² гэсэн бясалгалын хоёр суурь арга бий.
Тогтоон төвлөрөх бясалгал нь үймцсэн сэтгэлийн хөдөлгөөнийг тогтоохын тулд тухайлан сонгосон орон дээр анхаарлаа төвлөрүүлэх, улмаар төвлөрсөн анхаарлаа улам бүр төгөлдөршүүлэх арга бол ажиглан шинжлэх бясалгал нь юмсын мөн чанарыг танихад зориулагдсан арга юм.
Амарлин ахуйн бясалгалын таван тотгор ба тэдгээрийн найман ерөндөг тогтоон төвлөрөх бясалгал дээр адил байдаг. Бясалгалын үед эдгээр таван гэм тодорч сэтгэл алгасруулан эвдэх тул бясалгаач эл таван гэмийг сайтар таньж мэдээд, найман ерөндөгөөр нь ерөндөглөвөл дараа дараагийн бясалгалын хөгжилд их тустай.
Гэм | Ерөндөг |
---|---|
Залхуурах | • сүжиг бишрэл |
• эрмэлзэл | |
• шамдал | |
• машид судлагдахуун | |
Зарлигийг умартах | • санамсар |
Живэх, будангуйрах ба догшрох | • мэдэмсэр |
Хураан үйлдэх | • хураан эс үйлдэх |
Хураан эс үйлдэх | • хураан үйлдэх |
Дээр дурдсанчлан тогтоон төвлөрөх бясалгал нь амарлин ахуйн бясалгалын суурь тул түүгээр бясалгаж байгаа хүн “Сэтгэлийн хөгжлийн есөн үе шат”-ын талаар мэдэж байх учиртай. Энэтхэгийн их сэтгэгч, гүн ухаантан Асанга гэгээн³ бээр амарлин ахуйн бясалгалаар бясалгаачийн сэтгэл есөн үе шатаар дамжин хөгждөг тухай нарийн тодруулга хийсэн байдаг.
Үүнд;
- Сэтгэл агуулах⁴: Энэ үед бясалгаач сонгосон орон дээр анхаарлаа тогтоож эхлэх үе боловч нэн даруй сэтгэлийн бүдүүн төлөвийн живэлт, догшролын нөлөөнд автаж бясалгалын орноо алдах тохиолдол нийтлэг үзэгддэг байна.
- Үргэлж агуулах⁵: Энэ үед бясалгаач сонгосон орон дээр удаан биш боловч цөөн хоромд төвлөрч эхэлдэг. Санамсар, мэдэмсрийн хүчээр анхаарлаа сарнисныг таньж мэдээд удалгүй буцаан төвлөрүүлэх боломжтой болдог.
- Дахин агуулах⁶: Энэ үед бясалгаач сонгосон тунгийнхаа ихэнх үест анхаарлаа тогтоох чадвартай болдог бөгөөд санамсар, мэдэмсрийн хүчээр анхаарал сарниж буйгаа тэр даруй мэдэрч анхаарлаа үргэлжлүүлэн төвлөрүүлдэг. Сачон Мипам ринбүчи бээр “108 удаа амьсгалаа авч, гаргаж бясалгахад анхаарал огт сарнихгүй буюу алив ертөнцийн атгаг бодолд эзлэгдэхгүй болж ирвэл бясалгаач өөрийгөө энэ үе дээр ирсэн хэмээн бодож болно” хэмээн айлдсан байдаг.
- Ойр агуулах⁷: Энэ үед бясалгаач тунгаа ихэсгэсэн ч анхаарлаа огт сарниулалгүй бясалгах чадвартай болох бөгөөд үүний зэрэгцээ анхаарлын төлөвийг хянах чадвартай мэдэмсрийг төгөлдөршүүлдэг. Гэсэн хэдий ч энэ үед бүдүүн төлөвийн живэлт ба догшролын тотгорууд бясалгаачийн сэтгэлд тодорч сэтгэл алгасаруулах нь байх ажээ.
- Номхоруулан үйлдэх⁸: Энэ үед бясалгаачийн сэтгэл их амгаланд оршино. Гэсэн хэдий ч бясалгаач нарийн төлөвийн живэлтээс сэрэмжлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд уг сэтгэлийн амгаланг “Амарлин ахуй” хэмээн андуурах явдал гардаг байна. Тиймээс “Амарлин ахуй”-г бүрэн дүүрэн бүтээхийн тус эрдмийг санаад тухайн амгаланд сатааралгүй зорилгодоо шамдан хичээн бясалгах учиртай. Ингэснээр бясалгаачийн анхаарал улам хурц, сэтгэл маш тунгалаг болж хөгждөг байна.
- Амарлиулан үйлдэх⁹: Энэ үед нарийн төлөвийн живэлт болон будангуйрал бясалгаачийн төвлөрсөн анхаарлыг үл эвдэх бол бясалгалд шамдсан анхаарал буюу мэдэмсэр нь догшрол мэт үзэгддэг байна. Др.Алан Валласын өгүүлснээр бясалгаач хэдэн мянган цагийг бясалгалд зориулан уйгагүй шамдсаны дараа л энэ түвшинд хүрэх боломжтой ажээ.
- Машид амарлиулан үйлдэх¹⁰: Энэ үед нарийн төлөвийн живэлт, догшрол ургах боловч бясалгаач тэдгээрийг тэр даруйд нь таньж мэдээд, төдийлэн их шамдалгүйгээр амарлиулах чадвартай болсон байна.
- Нэгэн үзүүртэй үйлдэх¹¹: Энэ үед бясалгаач өчүүхэн шамдал төдийгөөр гүн гүнзгий, урт хугацааны бясалгалд орох бөгөөд маш нарийн төлөвийн живэлт, догшрол ургах боловч тэдгээрт өчүүхэн ч үл автагдах болой.
- Тэгш агуулан үйлдэх¹²: Энэ үед бясалгаач шамдалгүйгээр гүн гүнзгий самадид орж огтхон ч алгасаралгүйгээр маш удаан хугацаагаар оршино. Мөн биеийн болон сэтгэлийн машид судлагдахууны эрдмийг олсноор бясалгаачийн бие болоод сэтгэлд асар их амгалан төрдөг аж.
Сэтгэлийн хөгжлийн есөн үе шатыг зүгээр сууж бясалгаснаар бус харин түүнийг дараа дараагийн шатанд хөгжүүлэхэд тусалдаг зургаан хүч¹³, дөрвөн сэтгэлийн үйлээр¹⁴ зэргэмжлэн төгсгөдөг болохыг бясалгаач үргэлж санууштай.
¹ санскрит. sthāpyabhāvanā; төвөд. འཇོག་སྒོམ་; англи. settling meditation
² санскрит. vicārabhāvanā; төвөд. དཔྱད་སྒོམ་; англи. analytical meditation
³ Asaṅga (НТ IV зуун ) хоёр дээд хэмээн алдаршсан номын их мэргэдийн нэг бөгөөд Васубандху гэгээний төрсөн ах, буддын гүн ухааны сэтгэл төдийтний ёсыг үндэслэгч. Майдарын гэгээнээс ном сонсож, түүний айлдсан “Майдарын номын таван аймаг” (төвөд. བྱམས་ཆོས་སྡེ་ལྔ)-ийг үсгэнд буулгасан. Тэрээр бодьсадвын мөр, авидармын үзлийн олон бүтээл туурвисан бөгөөд амарлин ахуйн бясалгалд холбогдох нарийн тайлбаруудыг хийсэн.
⁴ санскрит. cittasthāpana; төвөд. སེམས་འཇོག་པ་; англи. placement of mind
⁵ санскрит. samsthāpana; төвөд. ན་་འཇོག་པ་; англи. continuous placement
⁶ санскрит. avasthāpana; төвөд. ན་ཏེ་འཇོག་པ་; англи. repeated placement
⁷ санскрит. upasthāpana; төвөд. ཉེ་བར་འཇོག་པ་; англи. close placement
⁸ санскрит. damana; төвөд. ལ་བར་ེད་པ་; англи. taming
⁹ санскрит. śamana; төвөд. ཞི་བར་ེད་པ་; англи. pacifying
¹⁰ санскрит. vyupaśamana; төвөд. མ་པར་ཞི་བར་ེད་པ་; англи. fully pacifying
¹¹ санскрит. ekotīkarana; төвөд. ེ་གཅིག་་ེད་པ་; англи. single-pointed
¹² санскрит. samādhāna; төвөд. མཉམ་པར་འཇོག་པ་ེད་པ་; англи. balanced placement
¹³ зургаан хүч (санскрит. ṣaḍbala; төвөд. ོབས་ག་) нь:
Монгол | санксрит | төвөд | англи |
---|---|---|---|
сонсох/суралцах | śrūtabala | ཐོས་པ་ | listening/study |
санах | āśayabala | བསམ་པ་ | reflection |
санамсар | smṛtibala | དྲན་པ་ | mindfulness |
мэдэмсэр | saṃprajanyabala | ཤེས་བཞིན | awareness |
шамдал | vīryabala | བརྩོན་འགྲུས་ | diligence |
огоот дасгасан | abhyasabala | ཡོངས་སུ་འདྲིས་པ་ | complete familiarity |
¹⁴ Сэтгэлийн дөрвөн үйл (санскрит. manaskāra; төвөд. ཡིད་ལ་བྱེད་པ་; англи. four mental engagement) нь:
Монгол | санксрит | англи |
---|---|---|
хянамгай орох | balavāhana | forcible engagement |
тасалдангуй орох | sacchidravāhana | interrupted engagement |
тасалдан үгүй орох | niśchidravāhana | uninterrupted engagement |
шамдалгүй орох | anābhogavāhana | effortless engagement |