Сүсэг

Сүсэг
Зургийг Arisa Chattasa / Unsplash

Бурхан багш “Бурхад бусдын хилэнцийг усаар үл угаах, гараар үл арилгах ба эрдмээ үл шилжүүлэх ч үнэн утга чанарыг үзүүлэн гэгээрүүлэх эрдэмтэй” хэмээн айлдахдаа зовлон, жаргалын учир шалтгааныг аливаа бурхад, бүтээгч тэнгэр болон бусад далдын хүчнээс салгаж, бодгалиудын бие, хэл, сэтгэлийн үйлтэй нь хамаатуулан айлдсан байдаг.

Бурхан багш төгс гэгээрэлд хөтлөх зам мөр болгон 84,000 номын цогцыг айлдахдаа бодгалийн зовлонгийн шалтгаан болсон шунал, уур, мунхагаас улбаатай 84,000 муу сэтгэлийг арилгах аргыг хүмүүст хүргэхийг зорьсон. Тийм учраас өөрийгөө үнэн утга чанарыг үзүүлэн гэгээрүүлэх чадалтай гэж айлдсан буй.

Бурхны төгс гэгээрлийн хутгийг өөрөө олсон байдал, зам мөрийг эндүүрэлгүй заах гэгээрлийн мөр болсон ном, тэрхүү замаар замнаж буй хувраг¹ гурвын мунхагийн харанхуйгаас үүдэлтэй сансрын зовлонгоос гэтэлгэн аврах чадалд сэтгэл итгэмжлэхийг буддын шашинд сүсэг гэнэ. Үүнээс үзэхэд буддын шашинд сүсгийн эцсийн зорилго төгс гэгээрлийг олоход оршдог.

Харин бусад шашинд сүсгийг бүтээгч эзэн эсвэл ертөнцийн эзэнд л итгэхтэй холбож үздэг тул бидний сүсгийн тухай ойлголттой эрс зөрдөг. Тийм ч учраас XX зуунд буддизмыг шашин бус ертөнцийг үзэх гүн ухаан гэсэн хандлага бүтээгч буюу ертөнцийн эзний тухай номлох шашин дээр суурилсан соёл иргэншилтэй барууны улс орнуудад бий болсон.

Сүсэг гэдэг сэдвийг сүүдэр шиг дагаж явдаг өөр нэг сэдэв бол мухар сүсгийн тухай ойлголт билээ. Гэхдээ бид мухар сүсгийг зан заншлаас салгаж ойлгох нь зүйтэй. Эс бөгөөс улс орны тусгаар тогтнолын бэхлэгээ буюу оюун санааны ондоошролын илэрхийлэл болсон өвөрмөц ёс заншил, зан үйл, уламжлал, соёл, шашны үнэ цэнийг алдагдуулах үр дагавар гарч болзошгүй байдаг.

Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжлийн эрин болсон XXI зуунд ч эдүгээ цагийн соёл иргэншилт хүмүүс мухар сүсгийн гэмээр эртний зан үйлүүдээ эрхэмлэн хадгалан хамгаалж ирсэн бөгөөд тэдгээр биет бус соёлын өвүүд нь улс үндэстнүүдийн бусдын соёлоос ялгарах онцлогийн чухал хэсэг болж байдгийг үгүйсгэх аргагүй.

Тэгвэл мухар сүсэг гэж юу вэ? Буддын гүн ухаанд энэ нас, хойд насны амар амгаланг бүтээхийн тулд үйлийн үр ба үхэл, мөнх бусын ёсыг ухаарах, сансрын зовлонгоос гэтлэхийн тулд шүтэн барилдлага, хоосон чанарыг онох, харин амьтны тусыг бүтээх төгс гэгээрсэн бурхны хутгийг олохын тулд бодь сэтгэл, билиг билгүүний хөгжлийг чинадад хүргэх ёстой гэж үздэг.

Эдгээрийг судлахад цаг хугацаа их орох тул амаргүй байж болно. Тэгвэл ядаж энэ насны хүссэн амар амгалангаа бүтээхийн тулд үйлийн үр ба үхэл, мөнх бусын мөн чанарыг судлан ухаарч, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай.

Харин бидний хүсээд байдаг энэ насны амар амгаланг бий болгож чадах үйлийн үр, үхэл мөнх бусын талаар гүн нарийн тайлбар хийдэг шашныг² “religion”³ буюу “бүхнийг чаддаг ер бусын супер хүчийг тахиж шүтэх, итгэх” гэж хараад байгаа учир сургаалыг нь амьдралдаа хэрэгжүүлж үр шимийг нь хүртэж чадахгүйд хүрсэн. Энэ хандлага өөрөө мухар сүсэг.

Ер нь асуудалд оюунлаг хандаж шийдэл олохыг эрмэлзэх нь эрүүл сүсэг бол тэдгээрт материаллаг байдлаар хандаж гарц хайх явцдаа асуудлыг улам бүр ээдрээтэй болгодог зуршил нь мухар сүсэг юм. Тиймээс оюунлаг чиг хандлагыг огоорон нийгмийг зөвхөн материалист чиг хандлага дээр суурилан хөгжүүлэх гэж оролдсон коммунист системийн үзэл онол ч өөрөө мухар сүсэг байв.

Бурхан багш “Дархан хүн алтыг хайлуулж, тасалж, үрж шалгадаг шиг миний сургаалыг сайтар шинжилж өөртөө авахтун” хэмээн мухраар сүсэглэхийг няцааж хувь хүнд оюун шинжлэл хийх, нотлохуй ухаан дээр суурилах боломжийг олгож байснаараа итгэл үнэмшлийн тогтолцоог үндэслэгч бусад бүх оюун санааны удирдагч нараас илт онцгойрч байсан.

Буруу аргаар амар амгаланг бүтээх гэж оролдох нь үнээний эврийг дэлэн гэж санан сүү горилон шувтрахтай угтаа адилхан болохыг Энэтхэгийн их бүтээлч Камалашила гэгээн⁴ “Бясалгалын дунд зэрэг”⁵ хэмээх алдарт шастиртаа өгүүлсэн байдаг.

Тэгэхээр энэ бүгдээс үзэхэд мухар сүсэг гэж зөв, таарсан, зохистой аргаар амар амгаланг бүтээхийн оронд буруу, холбогдолгүй, үл нийцсэн аргаар муйхарлан оролдохыг хэлж буй болов уу.

Канад улсын Торонтогийн их сургуулийн сэтгэл зүйч Проф. Майкал Инзлихт сүсэггүй хүмүүстэй харьцуулахад сүсэгтэй хүмүүс айдас, түгшүүр гэх мэт сэтгэлийн зовнилд бага өртдөг болохыг судлан тогтоосон байдаг. Харин буддын учир шалтгааны үзэл онол дээр суурилсан сүсэг хүний сэтгэл зүйг ямар ч хүнд үед хамгаалахаас гадна соён гэгээрүүлэх эрдэмтэй тул бусдаас онцгой.

Оюуны танин мэдэхүй хөгжиж асуудлыг олон талаас харах чадвар суух ёстой боловч сүсэг анхны гэгээлэг чанараа алдахгүй улам арвидах хэрэгтэй байдаг. Эс бөгөөс сүсэг сэтгэл гийгүүлэх бус харин шүүмжлэл болж хувирах нь бий.


¹ Бурхан, ном, хувраг буюу "гурван эрдэнэ" гэх ойлголтыг эмч, эм, сувилагч нартай тус тус адилтган зүйрлэж болно

² Санскрит хэлний śāsana (монгол. шашин) гэдэг үг нь бүтээгч эзний тухай сургаалыг үл илэрхийлэх ба харин буддизм буюу учир шалтгаанд суурилсан ертөнцийг үзэх цогц үзэл онолыг илэрхийлнэ.

³ Монотейзм нь орчлон ертөнцийг нэг эзэн тэнгэр бүтээсэн гэж үзэх бөгөөд түүнд итгэснээр л аврагдана гэж үздэг.

Камалашила гэгээн (725-788) нь Наландагийн их сургуулийн хамба
Шантаракшидагийн шавь.

⁵ Асанга гэгээний дэлгэрүүлсэн сэтгэл төдийтний үзэл онол дээр суурилан “Бясалгалын дунд зэрэг” (санскрит. Bhāvanākrama; төвөд. སྒོམ་རིམ་) хэмээх алдартай бүтээлээ туурвисан.