ШҮТЭН БАРИЛДЛАГЫГ ЭРГЭЦҮҮЛЭХ (хэрхэн бясалгах вэ V)

ШҮТЭН БАРИЛДЛАГЫГ ЭРГЭЦҮҮЛЭХ (хэрхэн бясалгах вэ V)
Зургийг М.Мишээл

Шүтэн барилдлага, хоосон чанарын үзэл онол нь асар нарийн ойлголт хэдий ч бид үүнийг хэрэгтэй өнцгөөс нь харж чадах юм бол амьдралд тохиох хөөрөл ба гутрал, жаргал ба зовлонгийн мөн чанарыг таньж, шийдэл олоход их ач холбогдолтой.

Энэ амьдралд бүх зүйлс шүтэн барилдлагын хүчээр буюу харилцан хамааралтай оршдог зарчмыг ухамсарлахгүй бол хүн өөрийгөө бусдаас илүү хувь тавилантай, далдын нууцлаг зүйл эсвэл сахиус, онгодын ивээлд орсон гэж эндүүрч, бодит зүй тогтнолын зарчмыг сөрөх гэж цөхөрдөг. Энэ нь хувь хүнд өөрийгөө бусдаас дээгүүр тавих, улмаар өөрийнхөө эрх ашгийг бусдын эрх ашгийн дээгүүр тавих, өөрийн эрх ашгийн төлөө бусдыг золиослох бардам, дээрэнгүй, муйхар, хүчээр далайлгах хандлагыг хөгжүүлж бий болгодог бөгөөд эцэст нь хүн ганцаардал дунд үлдсэн амьдралаа өнгөрүүлэх хэцүү үеийг туулах нь нийтлэг үзэгдэл байдаг.

Харилцан хамаарлын зарчмыг эргэцүүлж ухаарснаар өөрийн амьдралд оруулсан бусдын хувь нэмэрт талархах сэтгэл төрдөг. Хэдий чинээ бусдаас хамааралтай буюу бусдын хүчээр оршиж байгаагаа мэднэ тэр хэрээр нийгэмд үйлчлэх хүсэл эрмэлзэл буй болдог ажээ.

Үүнтэй холбоотой нэг сонирхолтой түүхийг хуваалцъя. Өнөөдрийн бидний мэдэх Ричард Гир бол аль хэзээний л Ричард Гир билээ. Түүнийг хамгийн анх 1975 онд буюу 44 жилийн өмнө “Report to the Commissioner” гэдэг кинонд анх туслах дүр бүтээж тухайн үеийн кино найруулагчдын нүдэнд өртөж байсан гэдгийг нь олон хүмүүс мэдэхгүй болов уу.

Аль тэртээ 45 жилийн өмнөөс тэрээр кино урлагт амжилттай хөл тавьсан ч өнөө хүртэл холливудын хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг хэвээр л байна. Тэрээр хамгийн сүүлд 2017 онд холливудын “Three Christs” гэдэг кинонд тоглосон бол энэ жил BBC-гийн телевизийн “Mother Father Son” гэдэг цуврал кинонд тогложээ.

Хэдийгээр 45 жил гэдэг нэг талаасаа богино хугацаа байж болох ч урлагийн хүний хувьд асар их урт хугацаа юм. Ялангуяа нэр алдрын оргилд хүрсэн жүжигчний хувьд ажил мэргэжлээ хадгалахад дэндүү урт хугацаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр бүү хэл одоо үүнийг бичиглэж байгаа би хүртэл энэ орчлонд төрөөгүй байсан цаг үе.

Тэрээр 2010 онд МБШТ Гандантэгчэнлин хийдэд айлчлах үеэр өөрийнхөө энэ амжилтын нууцыг дэлгэсэн бөгөөд тэр нь буддизмын шүтэн барилдлагын онол байлаа. Тэрээр хэлэхдээ:

“Холливудын кино урлагийн ертөнцөд алдрын оргилд хүрэх их хэцүү. Алдрын оргилд хүрсэний дараа түүнийгээ хадгалах бүр ч хэцүү.
Зарим хүмүүс гэрлийн хурдаар алдрын оргилд гардаг ч төдий удалгүй нэр хүндээ гээж, олны дургүйцлийг төрүүлж, тэр бүү хэл өндөр өртөгтэй амьжиргааныхаа хөлсийг төлж чадахгүй дампуурч бас л гэрлийн хурдаар уналтанд орох тохиолдол их гардаг. Харин зарим жүжигчид олон арван жилийн өмнө жүжигчний замналаа эхэлсэн ч өнөө хүртэл нэр хүндтэй байж, олон кинонд уригдсаар байгаа.
Эдгээрийн ард ер бусын нууц, эсвэл сонгогдсон хувь тавилан гэх зүйл огт байхгүй. Харин шүтэн барилдлагын ёсыг ухаарсан, ухаараагүйн асуудал л бий. Шүтэн барилдлагыг ухаараагүй нь өөрсдийгөө “Эзэн тэнгэрт ивээгдсэн”, “сонгогдсон”, “бусдаас илүү”, “тусгай” гэж эндүүрч омог төрүүлэн найруулагч болон бусад жүжигчид, түүнчлэн шүтэн бишрэгчдэдээ их зан гаргаж, дорд үздэг. Үндсэндээ энэ сөрөг хандлага нь тэдгээрийг элдэв гаж хандлага руу хөтөлдөг бөгөөд удалгүй найруулагчдаас аваад шүтэн бишрэгч нь хүртэл тоохоо байдаг. Энэ үед тэд бүх талын хүнд нөхцөл байдалд ордог.
Харин шүтэн барилдлагыг ухаарсан над мэтийн жүжигчид алдар хүндийн оргилд хүргэсэн найруулагчид, хамтран тоглосон жүжигчид, киноны хамт олныг хүндэтгэн, бидний бүтээлийн таалан үздэг шүтэн бишрэгчдээ хайрладаг. Хэрэв тэд байгаагүй бол бид өдий зэрэгт хэзээ ч хүрэхгүй байсан болохоор тэдэнд үргэлж талархаж явдаг.
Бидний алдар нэр, баялгийг ямар нэг далдын хүчин эсвэл эзэн тэнгэр бүтээгээгүй. Ердөө л биднийг гэсэн биднийг таних, танихгүй маш олон хүний хүрээлэл бүтээсэн. Тиймээс үргэлж тэднийг гэсэн эерэг хандлага маань бидний амжилт, амжилтаа өнөө хүртэл хадгалж ирсний нууц юм”

гэж энгийн даруухнаар ярьж байсан юм.

Тэгэхээр бид аз жаргал, сайн сайхан амьдралын нууцыг учир битүүлэг, далдын хүчин зүйлсээс хайх хэрэггүй, хүсээд байдаг энэ гайхамшиг чинь ердөө бид бүгдийн эерэг хандлагуудын л огтлолцол буюу харилцан хамаарал ажээ. Тэгэхээр таны бусдыг хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэсэн, хайрласан эерэг хандлага өөрөөс чинь хамааралтай орших хүмүүсийн аз жаргалын шалтгаан болох бол тэдний аз жаргал ч таны аз жаргалыг нөхцөлдүүлнэ. Энэ бол таны хүссэн аз жаргал мөн.

Үнэндээ хамгийн гайхамшигтай зүйл хамгийн энгийн зүйлд оршиж байдаг гэдэг. Түүнээс биш бусдыг өөрийнхөө хүссэнээр байлгах, дээрэнгүйлэх, хүчээр шийдэх зэрэг бусдын эрх ашгийг огоорон зөвхөн өөрийнхөө эрх ашгийг эрхэмлэлээ ч аз жаргалыг бий болгохгүй харин өөртөө дургуй олон олон хүнийг бий болгоод л өнгөрөх бизээ.

Урьд би Богд Зонхабагийн айлдсан бурхны шашны номлолын шимийн хураангуй болох “Мөрийн гурван эрхэм” хэмээх номын хөтөлбөрийг дээдэс багш нараас хүртэж, тайлбар сонссон өөрийгөө их буянтай гэж боддог байв.

Харин хожим ухааны хаан хэмээн өргөмжлөгддөг шүтэн барилдлагын талаар эргэцүүлж суухад миний буян гэж анхнаасаа байгаагүй, ердөө бусдын ачаар л дээдийн номыг өөрийн чадлаар сонссон нь тэр байж.

Жишээлбэл, сансрын хүрд буюу өөрийн эрхгүй төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн эргүүлэгт гацсан миний бие орчлонгийн олон амьтны эдэлж байгаа зовлон анхнаасаа үгүй байсан бол зам мөрийн үүд болсон магад гарахуйн сэтгэлийг огт санахгүй, мөн тоолшгүй олон амьтан яг энэ төрлийн минь тэнцэлгүй ачит ижий шиг минь төрөл тутамд асрал, энэрлээр тэтгээгүй байсан бол миний бие олон амьтныг ачийг санаж тусыг бүтээх бодь сэтгэлийг ер санахгүй, түүнчлэн орчлонгийн ёроолоос үзүүр хүртэлх орон зайд нисваанисын болоод мэдэгдэхүүний түйтгэрийн эрхээр зовлонгоо бүтээн бэдэн яваа өөр болоод бусад үгүй байсан бол миний бие шүтэн барилдлага хоосон чанарыг хэзээ ч санахгүй өнгөрөх байсан.

Ингэхээр гэгээрлийн зам болсон “Мөрийн гурван эрхэм”-ийг миний бие гагцхүү бусдад дулдуйдаж бүтээх тул бусдаас илүү ачтан үгүй ажээ.

Чухамдаа олон хүний хүчээр бүтсэн зүйлийг нэг хүн өөрийн аз жаргал, амжилт бүтээл гэж өмчлөх нь эндүүрэл. Харин өөрийн аз жаргал, амжилт бүтээлийг бусдын ач гэж харах нь харилцан хамаарлын ёсыг ойлгож буй хэрэг билээ.

Одоо та өөрт тухтай байдлаар суугаад бясалгалынхаа тунг гурван минутаар тохируулан бясалгахад бэлдээрэй. Ингээд шүтэн барилдлагыг дараах байдлаар бодож бясалгаарай.

“Миний сэтгэлгээний эерэг эсвэл сөрөг хандлагуудаар нөхцөлддөг таатай эсвэл таагүй мэдрэмжүүд л миний аз жаргал эсвэл зовлон болдог. Харин миний болон бусдын эерэг эсвэл сөрөг хандлага бидний аз жаргал, эсвэл зовлонг нөхцөлдүүлдэг.

Түүнчлэн бусдын хандлагыг үл хүлээн зөвшөөрөх болон таагүй байдлаар хариу үзүүлэх сэтгэл хөдлөлүүд ихэнхдээ бид бүгдийн зовлонгийн шалтгаан болдог бөгөөд аливаа асуудалд таагүй хандах хариу үйлдэл бидний зовлонг зохиомлоор нэмдгийг мэдэх хэрэгтэй.

Түүнээс бус аз жаргал эсвэл зовлон гэж өөрийн мөн чанараар бүтээгүй. Аз жаргал бол аль нэг далдын хүчнээс хэн нэгэнд өгсөн шагнал биш. Түүнчлэн зовлон ч хэзээд үл хувирах бул хар чулуу шиг шийтгэл биш. Аль аль нь хүний сэтгэл болон бие махбодын таатай, таагүй мэдрэмжүүдээр нөхцөлдөж байдаг зүйлс мөн.

Одоогийн амсаж байгаа аз жаргалаа хадгалахын тулд түүнийг нөхцөлдүүлдэг эерэг бодлууд, мэдрэмжүүдийг улам хөгжүүлэх хэрэгтэй. Харин энэ агшинд эдэлж байгаа зовлонгоос салахын тулд түүнийг нөхцөлдүүлсэн сөрөг бодлууд, мэдрэмжүүдийг өөрчлөх хэрэгтэй.

Аль аль нь өөрийн мөн чанараар бүтээгүй тул хэрхэн өөрчлөгдөх нь миний хандлагуудаас л хамаарна. Иймээс би өөрийн болон өөрсдийн аз жаргал, зовлонгоо учир шалтгааныг голлосон оюунлаг шинжлэлээр дүгнэнэ. Эс бөгөөд жаргахдаа бусдын тусыг огоорох бол зовохдоо бодол, мэдрэмжээ ажиглаж шийдэл ололгүй улам зүдрэнэ.”

Энэ мэт харилцан хамааралтай орших зүй тогтнолыг үргэлж анзаарч, асуудлыг учир шалтгааны үүднээс эргэцүүлж байх нь хувь хүнд өгөгдсөн сайн, муу хувь тавилан, далдын нууцлаг хүчний гэсгээл, ивээл гэх мэт мухар сүсгээс өөрийгөө хамгаалах боломжийг олгодог.

Асуудалд энэ мэт оюун шинжлэл хийхгүй бол хүн өөрийгөө юунаас болж стрессдэж байгаагаа мэддэггүй. Улмаар өөрөөс нь хамааралтай амьдрах, хамгаалбал зохистой хамгийн эрхэм хүмүүсийг зовоосоор насыг барвал гунигтай.

Өмнөх бүлэг

Дараагийн бүлэг