Сэтгэлээ хянах

Сэтгэлээ хянах
Зургийг М.Мишээл

Хүүхэд байхдаа унаж явсан морь бүдэрч унаад босоход би жолоо, цулбуураа алдаж өмссөн эсгий гутал маань жийсэн дөрөөнөөс мултралгүй мориндоо чирэгдэж сүйд болох шахаж билээ. Хэсэг газар чирэгдээд гутал сугарч бүрэн бүтэн үлдэхэд хамт явсан хүмүүс морийг маань авчирч өгөхөд би ч хувцас хунараа засаж өмсөөд мориндоо мордон цааш явж байхдаа хэдийгээр сүйд болох шахсан ч морио алдчихаагүйдээ л баярлаж байсан маань тодхон санагдана.

Харин эрдэмт багш нартайгаа өнөөг хүртэл учраагүй явсан бол би гэдэг хүн сэтгэл гэдэг жолоо цулбуургүй догшин мориндоо дээрхийн адил хөтлүүлж, түүнийг хаашаа л тонгочиж давхина тэр газар луу нь зүгээр л чирэгдээд явахдаа эргэн тойрныхоо эрхэм хүмүүсээ өөрөө мэдэхгүй үгээр доромжилж, үйлдлээр гутааж, үзэн ядаад явж байх байсан болов уу гэж хааяа боддог.

Эндээс харахад морь унаад хүссэн зүгтээ хэргээ бүтээхээр яваа хүн болон мориноосоо унаад хөлд нь чирэгдээд явж байгаа хоёр хүний хэн нь хяналтыг гартаа авсан байна вэ? Хүсэл тачаал, уур хилэн, юмсын мөн чанарыг үл таньсан мунхаг сэтгэлийнхээ эзэн нь байж тэднийг хүссэнээрээ залж байгаа хүн болоод тэдгээр сэтгэлийнхээ эрхэнд орж хяналтаа алдсан хүн хоёрын хэн нь аз жаргалыг бий болгох боломжтой вэ?

Сэтгэлийнхээ мөн чанарыг таньж, тэдгээрийг хянаж сурсан хүн эрх чөлөөтэй, сэтгэл амар, аз жаргалтай байхын зэрэгцээ бусдын аз жаргал, амар амгалангийн ч шалтгаан болдог. Тэгвэл сэтгэлийн хөдөлгөөнийхөө боол нь болсон хүн эрдэнээр бүтээсэн ордонд амьдравч шорон гянданд буй мэт эрх чөлөөгүй, сэтгэл гутрал, хөөрлийн хөдөлгөөнд амархан автаж байнга энэлэхээс гадна өөрийнх нь нөмөр нөөлөгт буюу өөрөөс нь хамааралтай амьдарч байгаа хамгийн эрхэм, гэмгүй хүмүүсийг ч давхар хөлдөө чирч зовоодог.

Хүмүүс бид эрүүлээр сэтгэж нөхцөл байдалд дүгнэлт хийж, хариуцлагатай хандахын оронд лусын хорлол гэх мэт гадаад шалтгаанд нэн түрүүнд буруу өгөхийг оролддог.

Явж явж олон хавар нэгэндээ гэдэг үг үйлийн үрийн хэлбийлтгүй үйлчлэх хуулийг хэлж байгаа байх. Үнэндээ бидний хяналтгүй зөнгөөр нь эрхлүүлдэг хөөрлийн болон гутралын маш олон янзын сэтгэлийн хөдөлгөөнүүд хэдийгээр нүдэнд харагдахгүй ч гэлээ таны, бидний хамгийн эрхэм хүмүүсийг шууд болон тойруу байдлаар үргэлж зовоож байна гэж бодоод үзээрэй! Та, бид бусдын зовлонгоор жаргал хийхийг хүсдэг гэж үү? Үгүй.

Эргэн тойронд байгаа хамгийн хайртай, эрхэм хүмүүсийн нүүрэнд гуниг, зовлон тодроостой байхад бид чин сэтгэлээсээ инээж, баярлаж үнэндээ чадахгүй биздээ? Тэгвэл өөрөө төдийгүй өөрөөсөө хамааралтай эрхэм хүмүүсээ аз жаргалтай байлгахын тулд яах ёстой юм бэ? Мэдээж өөрийнхөө сэтгэлийг хянахаас эхэлнэ. Их хэцүү, хувь хүний чадамжаас давсан зүйл хийхийг тулгах гээд байгаа юм биш шүү. Энэ номд дурдагдсан буддын сонгодог бясалгалуудыг бага багаар хийж эхлээрэй.

Та өөрийнхөө хэн болохоо таньж мэд. Ингэхийн тулд өөрийнхөө юу боддогийг олж мэд. Юу бодож байгаагаа анзаарч мэд. Өдрийн турш ямар төлөвийн бодлууд таны анхаарлыг байнга булааж байдгийг олж тогтоо. Элдэв янзын бодол төрөх бүрд анзаарч мэдээд тэдгээрт дүгнэлт хий. Сайн мууг нь ялгаж сур. Товчхондоо ийм л байна.

Бас сэтгэлээ хянаж сурсан хүн өөр болон өрөөлийг аз жаргалтай байлгах шалтгааныг бүтээж явдаг бол сэтгэлээ хянаж сураагүй хүн ухамсаргүй үйлдэл нь өөрт болоод өрөөлд хэрхэн дарамт болж явдгийг огт гадарладаггүй.

Ийм хүмүүс шалбалах, доргиох, хугалах, таслах, хөхрүүлэх, цус гоожуулах зэрэг зүйл хийгээгүй л бол бусдад учруулсан сэтгэл зүйн дарамтаа хүчирхийлэлд тооцохгүй явсаар насыг бардаг нь харамсалтай.