Сэтгэл гэж юу вэ?

Сэтгэл гэж юу вэ?
Зургийг Ouch! -ийн Anna Antipina

Бясалгалаар хичээллэж эхлэх нь хүн өөрийгөө таньж мэдэхээр алс холын аянд гарч буйтай ижил. Гэхдээ энэ аян гадаад ертөнц рүү бус харин дотоод сэтгэл рүү хандаж байгаагаараа онцлогтой. Бясалгалын гол судлагдахуун болсон сэтгэл дүрсгүй, хэлбэргүй, өнгөгүй буюу товчхондоо физик биегүй ер бусын зүйл. Физикийн хуулиар зөвхөн нэг биет нөгөө биетдээ нөлөөлөх боломжтой байдаг. Гэтэл бидний нөгөө физик биегүй сэтгэл, түүний эерэг ба сөрөг хандлагууд бидний уураг тархи тэргүүтэй бие махбодод бодитоор нөлөөлөх чадамжтай нь олон зүйлээр нотлогдсон.

Одоогоос хэдхэн жилийн өмнө телевизийн сувгуудаар японы эрдэмтэн Масару Эмотогийн олон жилийн судалгааны талаарх мэдээ “Ус” нэртэй баримтат киногоор үзэгчдийн хүртээл болов. Уг кинонд Масару Эмото ус амьд организм бөгөөд гадаад орчноос мэдээлэл хүлээн авах, боловсруулах, дамжуулах чадвартай болохыг харуулсан лабораторийн туршилтын үр дүнг танилцуулсан.

"Ус" баримтат киноны зурагт хуудас

Тэрээр нэг савтай уснаас 2 шилэн аяганд адилхан хэмжээтэй хийсэн ба эхний аягатай усанд сэтгэлийн эерэг хандлага, удаах аягатай усанд сөрөг хандлага үзүүлэхэд тэдгээр нь харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлж байв. Сэтгэлийн эерэг хандлагыг хүлээж авсан усны физик бүтцэд ер бусын эерэг өөрчлөлт бий болж байсан бол сэтгэлийн сөрөг хандлагаар харьцаж байсан ус анхаарал татахуйц байдлаар ширгэхийн зэрэгцээ үнэр орж муудсан байна.

Уг туршилтаар хүний сэтгэлийн эерэг болон сөрөг хандлагууд усны физик бүтцийг ямар нэг хэмжээгээр өөрчлөх чадалтай болох нь тогтоогдсон юм. Түүнчлэн германы ус судлалын эрдэмтэн Проф.Бернд Кроеплин, францын эрдэмтэн Др.Жакьюс Бенвенисте нарын усны ой санамжийн тухай олон жилийн судалгаа бас дээрхтэй ижил онолыг дэвшүүлж байсан.

Тухайн үед миний бие энэ төрлийн шинжлэх ухааны баримт судалгааг анх удаа сонсоод биширч байсан хэдий ч усны бүтэц өөрчлөгддөг тухай ойлголт миний хувьд цоо шинэ зүйл биш байв. Мэдээж мэдээлэл хүлээн авч боловсруулан бусдад дамжуулах чадамжтай тул ус гайхамшигтай. Гэхдээ түүнийг рашаанлаг эсвэл бохир болгож хувиргах чадамжтай хүний сэтгэл бүр илүү гайхамшигтай биш гэж үү?

Бидний өвөө, эмээ сэтгэлд ийм их хүчтэй ид шид байдаг гэдгийг мэддэг байсан юм. Намайг бага байхад өвөө аяганд ус хийгээд бурхныхаа өмнө тавиад өглөө сэрэнгүүт тарнидаад уулгадаг байв. Дээрх эрдэмтдийг усны бүтцийн өөрчлөлтийг судалж эхлэхээс өмнө уг арга уламжлалт буддизмаар дамжаад бидний амьдралд хэрэгжиж л байсан бөгөөд өвөг дээдэс маань энгийн усыг рашаанд хувилгадаг асар их чадамж сэтгэлд байдаг гэдгийг бидэнд зан үйлээр дамжуулан ухааруулах гэж оролдож байсан байдаг.

Гэхдээ эдгээр орчин цагийн шинжлэх ухааны баримт судалгаа, лабораторийн туршилт, физик, химийн нэр, томъёог ашиглаж мэддэггүй байсанаас эмээ өвөөгийн зан үйл тухайн үед бидний анхаарлыг дээрх баримтат кино шиг татаж чадаагүй болов уу. Хүний биеийн 70 орчим хувийг ус буюу шингэн төлөв эзэлдэг тул сэтгэлийн эерэг ба сөрөг хандлагууд уг шингэн төлөвт шууд нөлөөлөх нь дамжиггүй. Өдөр тутам сэтгэлд төрдөг олон бодлууд, сөрөг хөдөлгөөнүүд болох ойрын хорин нисваанис¹ уг шингэн төлөвт сөргөөр нөлөөлж улмаар элдэв олдмол өвчин үүсгэдэг.

Уламжлалт анагаах ухааны “Дөрвөн үндэс” номонд өвчний шалтгаан мунхагаас үүдэлтэй байдаг талаар өгүүлдэг. Хэдийгээр төрөх, өтлөх, өвдөх, үхэх нь жам ёсны зүйл боловч сэтгэлээ захирч чадахгүйгээсээ болоод бид зайлсхийж болохуйц буюу олдмол өвчинд ихээр нэрвэгддэг нь нууц биш.

Тэгэхлээр ус тарнидаж рашаанлаг болгох эсвэл сэтгэлээ захирч эерэг хандлага хөгжүүлэн өөрийн биед агуулагдах шингэн төлөвийг рашаанлаг болгох хоёрын аль нь амьдралд илүү чухал вэ? Ер нь хүн өөрийн сэтгэлийн эерэг болон сөрөг хандлагаар жаргах эсвэл зовох шалтгаанаа нөхцөлдүүлж байдаг цорын ганц сонголттой амьтан билээ.


¹ Буддын шашны Авидармын ёсонд муу сэтгэлийн ёзоор: 1. тачаангуй, 2. хилэн, 3.мунхаг Үндсэн зургаан нисваанис: 1.мунхаг, 2.тачаангуй, 3.хилэн, 4.нисваанист мунхаг, 5.нисваанист сэжиг, 6.нисваанист үзэл Цааш арвидах ойрын хорин нисваанис: 1.уцаар, 2.өширхөл, 3.нуухуй, 4.унтууцахуй, 5.атаархахуй, 6.харамлахуй, 7.баширлахуй, 8.хуурмаг явахуй, 9.омгорхог, 10.хөнөөхүй, 11.ичгүүргүй, 12.сонжуургүй, 13.будангуйрал ба живэлт, 14.догшрохуй, 15.үл сүсэглэгч, 16.залхуу, 17.сэрэмжгүй, 18.мартахуй, 19.мэдэмсэргүй, 20.алгасангуй хэмээн тус тус үзүүлсэн.Дараагийн бүлэг: