Сэжиг

Сэжиг
Зургийг Erik Witsoe / Unsplash

Хүний амьдралыг улам тээртэй болгодог олон хүчин зүйлсийн нэг нь сэжиг хэмээх сэтгэлийн төлөв билээ. Энэ төлөв нь сэтгэлийн төөрөгдлөөс улбаатай учир сэтгэл амарлил болон юмсын мөн чанарыг таньж мэдэх оюуны хөгжлийн аль алинд нэмэр болохгүй.

Өөрөөр хэлбэл сэжиг нь сэтгэлийг хямраах, оюуны хөгжлийг тотгорлох шинж чанартай бөгөөд өөрийгөө хэт энхрийлсэн хандлагаас үүдэлтэй тул хувь хүнийг эргэлзээ, шаналал, айдас, мухар сүсэг гэх мэт сөрөг хандлага руу хөтөлдөг. Сэжиглэх сэтгэлээр хийсэн зөв үйл ч тухайн хүний амар амгаланг нөхцөлдүүлж үл чадна.

Жишээлбэл, гудамжинд гуйлга гуйсан хүнд өглөг өгөх нь цаад хүнээ бодсон сайхан сэтгэлийн илрэл байдаг бөгөөд түүний үр дүнд хүн уураг тархийг нь тэтгэх сайхан дурсамж болон өөр бусдын амар амгалангийн шалтгаан болсон буяныг хураадаг.

Тэгвэл өглөг өгөхдөө сэжиглэх (хүндэтгэлгүй) байдлаар хэрэг болох зүйлийг нь шидэж өгөх нь зарим хүмүүсийн хувьд тогтсон зуршил болсон нь анзаарагддаг. Үүний гол шалтгаан нь гараас гарт (хүндэтгэлтэй) өгсөн тохиолдолд өөрийнх нь буян барагдана гэсэн сэжгээс үүдэлтэй утга учиргүй болгоомжлол байдаг.

Ийм болгоомжлол хүний буяныг хамгаалах бус эсрэгээрээ стрессийн шалтгаан болсон эрүүл бус сэтгэлгээг л улам нөхцөлдүүлдэг нь харамсалтай. Тэр бүү хэл сэжигч хүн бусдын өргөсөн идээ унд, эд зүйлсийг талархан хүлээж авч чадахгүй харин харшлах гэм болгож өөрийн сэтгэл зүй, бие махбодоо хямраадаг.

Сэжигтэй хамаатай өөр нэг зүйл нь өдөр тутмын амьдралын эгэл үзэгдлийг муу ёртой хамаатуулж ойлгох явдал юм.

Үүнтэй холбоотой нэг болсон явдлыг өгүүлье. Миний бие 2000 онд өвгөн багшийн хамт Дээрхийн гэгээн XIV Далай багшийн номын айлдварт суухаар Бодьгаяад¹ хүрэлцэн очоод байв. Тэр үед Их Бодь суврагад хүрэх зам энэтхэг айлуудын дундуур гарч таарч байсан бөгөөд миний хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол тэдгээр айлуудын хооронд татсан угаасан хувцас өлгөсөн хэц байлаа.

Ингээд сануулж амжаагүй байтал өвгөн багш маань дотуур хувцасны доогуур гараад явчихав. Харин би хийморь сүлдэндээ анхаарал тавиад “тэр бүгдийг тойрч гарах ёстой” гэж өчүүхэн ухаандаа бодож байлаа. Дараагийн удаа дотуур хувцастай хэц өмнө байгааг сануулахад өвгөн багш маань тоосон шинжгүй дахин доогуур нь гарч одсон юм.

Хэцэн доогуур гарлаа гээд багш маань сэтгэлийн амар амгалангаа алдсангүй. Харин би л тэр хооронд өөрийнхөө үнэн гэж бодсон ягшмал үзлээсээ болоод сэжиг цээрт автаж байснаа хожим ухаарсан юм. Дараа нь болсон явдлыг өгүүлэхэд багш маань “Ил харагдах эд зүйлсээс бус харин өөрийн сэтгэлийн элдэв атгагаас сэжиглэж явбал өөрт их хэрэгтэй” хэмээн тун чухал сургаал айлдаж билээ.

Үнэндээ дээр дурдагдсан шиг эд зүйлс зовлонгийн шалтгаан болдоггүй харин тэдгээрт хандсан сөрөг хандлага буюу сэжиг хэмээх илүүц ачаандаа л бид ихээхэн түүртэж амьдардаг ажээ


¹ Bodhigaya - Бурхан багшийн төгс гэгээрлийн хутгийг олсон газар. Бихар мужид байх энэ ариун дагшин газар буддын шашны дөрвөн их мөргөлийн орны нэг