Санамсар ба Мэдэмсэр

Санамсар ба Мэдэмсэр
Зургийг Raimond Klavins / Unsplash

Буддын шашны хийдэд очсон хүн бүрд хамгийн түрүүнд анзаарагддаг зүйлсийн дотор сүм хийдийн үүдэнд байх эр, эм хоёр арслангийн баримал байдаг. “Эдгээр нь ямар утгатай юм бол?” гэж та эргэцүүлж байсан л байх. Энэ хоёр арслан санамсар¹ ба мэдэмсрийг² илэрхийлдэг ажээ.

Энэ хоёр сэтгэлийн төлөв бясалгаачийн анхаарлын хөгжилд асар их чухал үүрэгтэй тул дияанчийн сэтгэлийн манаач гэж нэрлэгддэг. Учир нь араатны хаан арслангийн хоолыг булаах амьтан ховор байдагтай адил санамсар ба мэдэмсрээр мануулсан сэтгэлд элдэв атгаг бодлууд буюу сэтгэлийн сөрөг хөдөлгөөнүүд төрж анхаарал сарниулах нь үгүй ажээ. Тиймээс сүм хийд нь сэтгэлийг илэрхийлэх бол түүний үүдэнд байх хоёр арслан санамсар ба мэдэмсрийг илэрхийлдэг.

Санамсар гэж юу вэ? Энэ бол таны хэн нэгнийг санах буюу түүний төрх байдлыг сэтгэлдээ ургуулан бодох үйлдэл юм. Тодруулбал, хүн ээжийнхээ дүр төрхийг сэтгэлдээ ургуулан бодож байгаа нь санамсар болно.

Мэдэмсэр гэж юу вэ? Энэ бол таны хэн нэгнийг санаж буйгаа буюу түүний төрх байдлыг сэтгэлдээ ургуулан бодож байгаагаа давхар мэдэх ухамсар юм. Мөн тухайн бодол, үйлээс хамааралтай төрж буй мэдрэмжийг мэдэрч байгаагаа ухамсарлаж танихыг ч хэлнэ. Тодруулбал, хүн ээжийнхээ дүр төрхийг сэтгэлдээ ургуулж байгаагаа ухамсарлан мэдэж байгаа нь мэдэмсэр мөн.

Санамсар яагаад чухал гэж? Хэрэв бясалгалын тунгийн³ үед та юу хийж байгаагаа санахгүй бол та төвлөрөх бус харин зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнд анхаарлаа автуулсаар цагаа үрэхэд хүрнэ. Тиймээс үе үе бясалгал хийж байгаагаа буюу юу хийж байгаагаа нэхэн санаж байх нь тун чухал байдаг.

Мэдэмсэр яагаад чухал гэж? Хэрэв бясалгалын тунгийн үед сонгосон орон дээрээ анхаарлаа үнэхээр төвлөрүүлж байна уу эсвэл төвлөрүүлж чадахгүй байна уу гэдгээ давхар ажиглаж мэдэхгүй, сурахгүй бол цаашид бясалгах аргачлалаа олохгүй.

БОДИТ БОЛОМЖ

Миний мэдэхээр хүмүүс амьдрал баян гэж ярих дуртай. Үнэндээ сайтар эргэцүүлж үзвэл энэ үгэнд үнэний хувь бий бололтой. Учир нь энэ амьдрал бид бүгдэд өдөр тутам 24 цагийн хүчинтэй аз жаргалаа бий болгох эрхийн бичгийг харамгүй олгож байдаг юм шиг.

Эрхийн бичгээрээ хүссэн үйлчилгээгээ авах эсвэл хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгож авах боломж байна гэж бодъё. Тэгвэл бид тэр эрхийн бичгээ зөв зүйтэй зарцуулж чадаж байгаа болов уу? Бүгдээрээ энэ 24 цагийн эрхийн бичгээ чухам юу юунд үрснээ их энгийнээр тооцож үзье.

Зургийг Roy Muz / Unsplash

24 цагаас 8 цагийг унтаж амрах, үлдсэн 16 цагаас 1 цагийг нь ариун цэврийн өрөөнд өнгөрүүлэх, 1.30 минутыг нь автобус унаагаар зорчих эсвэл явган алхах, ажил дээр 8 цагийг өнгөрөөх, 2 цагийг нь цай, унд, хоол бэлдэж идэх, 2 цагийг нь ухаалаг утсаа оролдох, ТВ үзэх, ФМ радио сонсох, 1 цагийг нь ойр дотнын хүмүүстэйгээ яриа өрнүүлэх гэх мэтээр өнгөрүүлээд үлдсэн 30 минутыг үр ашиггүй байдлаар зөөлөн сандалд тухлах эсвэл буйдан дээр нуруугаа тэнийлгэж хэвтэхэд зарцууллаа гэж бодоход нөгөө эрхийн бичиг маань бүрэн хэрэглэгдээд дуусч байна гэсэн үг.

Ингэхэд бид аз жаргалаа бий болгох үндсэн зорилгодоо хүрэхийн тулд 24 цагийн хэр их хугацааг ашигласан бэ? Тооцоогоо дахин нэг нягтлаад үзье. Тоймтой зүйл харагдахгүй л байх юм. Арай огт хэрэггүй зүйлд энэ эрхийн бичгээ үрээд байгаа юм биш байгаа даа, бид!

Ээж минь 3л цай чанахдаа 2л усыг 1л сүүгээр сүлж байж сайхан амттай, тэжээллэг унд бэлддэг байсан. Энэ логикоор бодож үзвэл тэр 24 цагаас ядаж 8 цагт нь бид эерэг бодол, эерэг яриа, эерэгээр биеэ авч явж байхгүй бол аз жаргалаа бий болгож чадахгүйд хүрэх нь ээ!

Хэрэв тэгж чадахгүй байгаа бол бид энэ өдөр тутмын хэвшмэл амьдралаа өөрчлөхөөс өөр арга байхгүй гэсэн үг! Амьдрал баян хэдий ч цаг хугацаа биднийг хүлээхгүй тул одооноос аз жаргалтай амьдрахын тулд өдрийн гуравны нэгд эерэг хандлага бий болгох, түүнийгээ хадгалах тал дээр оролдоод үзэх хэрэгтэй.

Хүн аз жаргал хүсдэг. Тэгвэл түүнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Хэрэв аз жаргалынхаа төлөө хариуцлага хүлээхийг хүсэхгүй бол ердөө хүсэгч хэвээрээ л яваад дуусах бизээ.


¹ аливаа зүйлийг анхаарал тогтоох орон болгож төвлөрөх (санскрит. smṛti; төвөд. དྲན་པ་; англи. mindfulness)

² сонгосон орон дээр анхаарал төвлөрч байгаа эсэхийг хянаж мэдэх (санскрит. saṃprajanya; төвөд. ཤེས་བཞིན་; англи. awareness)

³ бясалгалын үргэлжлэх хугацаа