Сайн, муу зүүдний шалтгаан

Сайн, муу зүүдний шалтгаан
Зургийг Bruce Christianson / Unsplash

Хуучин коммунист тогтолцоо 1990 онд нуран унаснаар уламжлалт бурхны шашны сүм хийдүүд сэргээгдэж, хурал номын үйл ажиллагаа нийтийн хүртээл болж ирсэн. Тэр үед та мөргөж залбирч явахдаа альцгеймер буюу зөнөглөлд нэрвэгдэн сэтгэн бодох чадвараа алдсан лам өвгөчүүлтэй таарч байсан уу? Их өндөр насыг насалсан ч лам нар хэзээ ч оюун ухааны танин мэдэхүйн чадамж болон эмх цэгцтэй байдлаа алддаггүй. Тэгвэл лам нарын зөнөглөдөггүйн нууц яг юунд оршино вэ?

Буддын бясалгалын арга техникээр хичээллэн сэрүүн төлөвийн ухамсраа дээр дурдсан сөрөг сэтгэлийн нөлөөнөөс ангид байлгаж анхаарлаа улам төвлөрүүлэх явцад бидний зүүдний үзэгдэл хүртэл эерэг болж ирдэг. Товчхондоо сэрүүн төлөвийн анхаарлын хөгжил маань зүүдэнд бодитой нөлөөлдөг гэсэн үг. Зарим хүн тааламжгүй зүүд зүүдлэхээс зүрхшээдэг бөгөөд түүнийхээ шалтгааныг буюу бурууг гаднаас хайж байдаг. Ингэх нь нэг төрлийн догма эсвэл мухар сүсгийг үүсгэдэг.

Сайхан зүүд зүүдлэхийг хүсвэл бид сэрүүн төлөвийн ухамсартайгаа л тулж ажиллах ёстой. Түүнээс биш тааламжгүй зүүдэнд учир битүүлэг ач холбогдол өгч, ер бусын далдын хүчин зүйлтэй холбож ойлгох нь эрүүл сэтгэлгээг улам боомилоход хүргэдэг.

Бидний ихэнх нь эмх замбараагүй, хяналтгүй бодлоор цаг үргэлж нэрвэгдсэн сэрүүн төлөвийн ухамсрынхаа шууд тусгал нь болсон учир утгагүй зүүдний үзэгдэлд ёр, бэлэг өгч өөрсдийнхөө сэтгэлийн амгаланг улам алдах гээд байдаг. Тэр бүү хэл тааламжгүй зүүднийхээ шалтгааныг өрөөлөөс ч хайх гээд байдаг тал бий.

Чухамдаа бид сэрүүн төлөвийн ухамсраа элдэв атгаг бодлын замбараагүй урсгалаас хамгаалж чадах юм бол дотоод сэтгэлийн амгаланг аяндаа мэдрэх нь лавтай. Ингэж чадвал зүүдэндээ ч сэтгэлийн эрх чөлөөг мэдэрнэ. Өдрийн бодлоо хянаж чадахгүй бол бид хэзээ ч тааламжгүй зүүднээс зугтаж чадахгүй л болов уу.

Өөрт тохиолдсон нэг сонирхолтой явдлыг өгүүлье. 2010 онд Тайландын нэг жижигхэн арал дээр байдаг Олон улсын оюун судлалын төвд¹ хоёр сарын хугацаатай бясалгалд суух сайхан учрал тохиосон юм.

Энэ бясалгалыг шинжлэх ухааны эрдэмтэн, Америкийн нэгдсэн улсын Санта Барбара хот дахь Ухамсар судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Др.Алан Валлас² багш хөтөлж явуулсан юм. Анхны долоо хоногтоо л өдөр тутам 9 цаг завилж суун бясалгах гэж оролдсоны дараа дотроо үнэхээр няцаж билээ. Би өөрийгөө дугуй захтай (лам) дээл өмсдөгийнхөө хэрээр бусдаас илүү байж чадах байх гэсэн бодолтой байсан боловч бодит байдал дээр нөхцөл байдал эсрэгээрээ байлаа.

Хөл, үе мөч, нуруу маш их өвдөж байсан тул няцаад буцах гэж бодож байсан ч онгоцны тийз маань хатуу нөхцөлтэй бичигдсэн тул үлдэхээс өөр сонголт байгаагүй юм. Харин 10 хоносны дараа суудлын зовиур байхгүй болсон ч бодол замбараагүй, анхаарал тогтохгүй хэвээрээ л байсан юм.

20 дахь хоног дээр хамт бясалгаж байсан хүмүүсийн зүүдний төлөв нь маш их тайван болсноос гадна сэрүүн төлөвт дадуулсан санамсар, мэдэмсрээрээ зүүдэлж байгаагаа ухамсарлан мэдэх буюу зүүднийхээ орон зайд “сэрж” байгааг олж мэдээд би ихэд гайхахын зэрэгцээ бас үл итгэсэн байдлаар хандаж байж билээ.

Үүнээс хойш буюу 28 дахь хоног дээр хамт бясалгаж байсан хүмүүсийн ихэнх нь зүүднийхээ орон зайд санамсар, мэдэмсрийн хүчээр сэрсэн байв. Гэтэл миний зүүд бахь байдгаараа эмх замбараагүй хэвээрээ байсан юм. Тэр бүү хэл зүүдэндээ нохойнд хөөгдөж байна гэж зүүдлээд асар их зовнисон байдалтай өглөө сэрж байв. Энэ явцад миний хий их хөдөлсөн бололтой, шөнө нойр хүрэхгүй зүдэрч байлаа. Тиймээс монголд байгаа учир мэдэх хүнд цахилгаан шуудан илгээж, учир байдлаа хэлж тайлбарлан тусламж хүслээ.

Тэр үед илэрч байсан тааламжгүй шинж тэмдэг шөнө нойр хүрэх нь багассаар сүүлдээ гурван шөнө дараалан огт нойргүй явснаар илэрч байсан юм. Түүнээс гадна хоёр чих их хүчтэй дүнгэнэж байв. Ингээд захидлын хариуд хий дарах уламжлалт аргыг хийж үзэх нь зүйтэй гэсэн санал ирсэн бөгөөд миний бие ч түүнийг нухацтай хэрэглэсэн. Түүнээс гадна өөрийн нэрэлхүү зангаа гээгээд Др.Алан Валлас багшид учир байдлыг хэлээд юун дээр буруудсанаа сайтар тайлбарлуулж аваад бясалгалдаа хичээж эхэлсэн юм.

Түүний дараа 32 дахь хоногийн шөнө унтсан даруйдаа зүүдэндээ сэрэх шиг болов. Энэ үед унтаж буйгаа өөрөө мэдэж, зүүдээ хянах гэж оролдож эхэлсэн юм. Тэр бүү хэл зүүдний төлөвт орсон байсан ч санамсар, мэдэмсрийг олон хоног, удаан хугацаагаар дадуулсны хүчээр сэрүүн төлөвт буй юм шиг ухаан ажиллаж байсан нь гайхмаар зүйл байв. Цаг хугацааны хүлээлт гэх мэт сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөөс ангид байсных ч юм уу, ямартай ч бие махбод болон сэтгэлд их тааламжтай мэдрэмж төрж байсан санагдаж байна.

Гэхдээ тэнд бясалгахаар зорьж очсон сэтгэл судлаач, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн хүмүүсээс хамгийн сүүлд зүүдээ мэдсэн хүн нь би байлаа. Нэлээн олон хоног нойргүй шахам явсны дараа, хэдийгээр тэр шөнө зүүдэндээ сэрүүн байсан ч их сайхан амарч билээ.

Бас 28 дахь хоногоос эхлэн бясалгах хугацаагаа гурван цагаар нэмсэн нь үүнд их нөлөөлсөн болов уу гэж боддог. Ер нь сэрүүн төлөвт санамсар мэдэмсрийн хүчээр анхаарлаа хэдий чинээ төвлөрүүлнэ төдий чинээ зүүдний төлөв өөрчлөгддөг гэдгийг тэгэхэд зах зухаас нь мэдрэх шиг болсон.

Сэтгэлийн жинхэнэ эрх чөлөөний гайхамшгийг унтах, ухаан алдах, үхэх гэсэн гурван чухал үест илүү тодоор мэдэрдэг гэж багш маань айлдаж байсан. Тэр сонин гайхамшгийг бүрэн өөрийн болгоогүй ч хальт амссандаа би өөрийгөө их азтай нэгэн гэж бодож явдаг.


¹ International Mind Centre, the Kingdom of Thailand

² Дээрхийн гэгээн XIV Далай ламын орчуулагч, төвөдөч эрдэмтэн, зохиолч, бясалгалын багш, илтгэгч. Дээрхийн гэгээн XIV Далай ламын ивээл доор хэрэгжсэн Шаматха төслийн багийн удирдагч, Италийн Тусканид баригдаж буй буддын шашны бясалгалаас хүний уураг, тархи, сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийг судлах шинжлэх ухааны судалгааны төвийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч бөгөөд бясалгалын “Анхаарлын хувьсал” номын зохиогч.