Хандлагаа ажиглах

Хандлагаа ажиглах
Зургийг М.Мишээл

Тэнцэлгүй их ачтан аав, ижийдээ жинхэнээсээ хайртай” гэж бид бүгд дуу нэгтэй хэлж чадах байх. Үүнд уншигч та ч огт эргэлзэхгүй биз. Гэхдээ жинхэнээсээ хайртай гэдэгт нь биш харин дуу нэгтэй түгдрэлгүй хэлж чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй гэсэн билээ. Тэгвэл одоо бүгдээрээ өөрсдийн жинхэнэ хайр гэж боддог тэр сэтгэлийн хандлагаа арай өөр өнцгөөс харах гэж оролдох уу?

Нарийн ажиглавал таны, бидний тэр хайр арай аав, ээжийн маань зөвхөн дүрст лагшинд нь шүтсэн шунал юм биш байгаа даа гэж бодогдохоор. Үнэндээ хэн нэгнийг жинхэнээсээ хайрлахын гайхамшиг нөгөө хүнээ л гэсэн чин сэтгэлийн хандлагаас үүсэн гардаг бол та биднийх яг ийм чин сэтгэлийнх байж чадаж байна уу? Эсвэл “аав, ээждээ хайртай” гэдгийг “аав, ээж дэргэд байх нь бидний сэтгэлийн тав тухтай байдлыг нөхцөлдүүлдэг” гэсэн байдлаар ойлгож ирсэн юм биш биз!

Буддын нэгэн сургаалд “нөхцөлдсөн ба эс нөхцөлдсөн хайрын ялгааг олоход их амархан. Шуналтай хүн нүд баясгам цэцэгтэй таарвал өөрийгөө л баясгах гэж түүнийг нь тасдаж авдаг бол харин нигүүлсэлтэй хүн тэр цэцгийг улам их арчлан ургуулдаг” хэмээн өгүүлсэн байдаг.

Үүнээс үзэхэд аав, ээжийгээ өөрийнхөө төлөө амьдруулах гэж бид муйхарлавал тэднийг цэцэг шиг тасдаж буйгаас ялгаагүй. Харин тэдний төлөө амьдарвал ачлан жаргааж буйгаас огт ялгаагүй. Нөгөөтэйгүүр та бидний аав, ээж алс хол аянд гарвал бүрэн бүтэн эргэж иртэл нь сэтгэл санаа зовниж залбирч хүлээх болов уу.

Харин дүрс лагшин нь эвдрээд түүнээс ч бүр их чухал алс холын аянд гараад явахад нь бид тэр болгон араас нь зовниж, буян, ерөөлөө зориулдаг билүү? 49 хоногийг нь дуусгав уу үгүй юу мартаж эхэлдэг. Тэр бүү хэл амьд ахуйдаа өмсөж байсан хувцаснаас нь сэжиглэж, үгүй хийхийг хичээдэг. Хамгийн гунигтай нь биднийг энхрийлж, хайрлаж, хамгаалж, тэтгэж өсгөсөн эрхэм биенээс нь хүртэл айж цочих хүн энэ цагт олон болсон бололтой.

Угтаа бол бидний жинхэнэ гэж боддог хайр ямар нэг орчны нөлөөнд орж эвдэрмээргүй билээ. Хэрэв бидний сэтгэлийн хандлага нэгэн хормын дараа айдас сэжиг болж солигдож байгаа бол тэр анхнаасаа жинхэнэ хайр биш байсан байх нь шүү дээ.

Бид машинаа шинэ байхад нь ихэд тордох ч хуучирч муудан хэрэгцээ хангаж чадахаа болиход нь сэтгэл огт түвдэхгүйгээр хаядаг шиг аав, ээжийн маань дүрс лагшин бүрэн эвдрэхэд нөгөө хайр минь дагаад мартагдах байдлаар үгүй болох ёсгүй баймаар.

Заримдаа аав, ээж маань хорвоогийн жамаар энэ дүрст биеийг орхин асар холын аянд гарахаар сэтгэл оюунаа бэлдэж байхад нь нөгөө хайртай гэсэн бодлынхоо нөлөөгөөр уйлж чарлан тэрүүхэн хооронд сэтгэл зүйн хүчтэй цочролд оруулж, түүгээрээ хойдын төрлийн нь төөрүүлдэг юм биш байгаа даа. Энэ хайр мөн үү? Биш.

Харин аав, ээж минь үгүй болбол надад бэрхшээл бий болно гэсэн өчүүхэн аминч хандлага. Тэр л өчүүхэн аминч хандлага алс холын аянд гарахаар бэлдэж байсан хүний хамаг сэтгэлийг эвдэж орхидог нь халагламаар зүйл мөнөөсөө мөн.

Үнэхээр цаад хүнээ энэрсэн жинхэнэ хайр бол цаг ямагт өөрийгөө энхрийлсэн аминч үзлээс хэтийдэн зоригдлын орноо л эрхэмлэсэн сэтгэлгээний эрүүл хандлага байдаг билээ. Тиймээс “аав, ээждээ хайртай” гэж ярихдаа өөрийгөө бодож байна уу эсвэл цаад хүнээ бодож байна уу гэдгээ шалгаж үзэж байгууштай санагддаг. Ингэж гэмээнэ бид өөрсдийн сэтгэлийн хандлагаа туйлбартай эсвэл туйлбаргүй байгааг нь таньж чадах байх. Ядаж л өөрийгөө таних нь бидэнд хамгийн чухал билээ.