Элдэв гүн ухаан хэрэгтэй юу?

Элдэв гүн ухаан хэрэгтэй юу?
Зургийг Kenny Eliason / Unsplash

Аз жаргалтай амьдрахын тулд элдэв гүн ухааныг заавал судлах ёстой юу? гэсэн асуулт надад төрдөг байв. 1990 оноос өмнө коммунизм гэсэн ганц үзэл суртал байсан болов ч ардчилсан нийгэмд шилжиж шашин шүтэх эрх чөлөөг үндсэн хуулиар тунхагласнаас хойш зах зээлийн хүнд үеийг туулсан хүмүүс элдэв догма, шүтлэг, үзэл онолыг сонирхож эхэлсэн.

Асар том том амлалт өгөх элдэв шашны төлөөлөгчид ч чөлөөтэй үзэл онолоо ярих болов. Ертөнцийн эзний таалалд орох, эзэн тэнгэрт ивээгдэх, гүрүгийн адислалыг хүртэх, бие барсан эцэг, эхтэйгээ бөө, удганы хүчээр уулзах, учир битүүлэг орон сонгон анхаарлаа төвлөрүүлэн гайхамшиг олох, уул, ус, мод, чулуу тахих, төгс гэгээрсэн бурхад болон бодь сэтгэлтнүүдийн шүтээн дүрийг ертөнцийн хүслээ гүйцэлдүүлэх арга гэж ойлгох гэх мэтийн үзэгдлүүд газар авав. Энэ өнцгөөс харвал нэгэн цагт коммунист байсан Монгол улс хэдхэн жилийн дараа шашны хар зах шиг болов.

Нийгмийн ийм бужигнаанд хэдийн уламжлалт соёлоосоо холдсон хүмүүс шинэ цагийн үзэгдлийг хөөж, улам хөндийрсөн юм. Чухамдаа хүмүүст учир шалтгааны үүднээс асуудалд хандах бус зөвхөн үр дүнг хүссэн хандлага тогтов. Үнэхээр аз жаргалтай байхын тулд элдэв толгой эргүүлсэн гүн ухаанд төөрөлдөх бус уламжлалт буддизмаасаа суралцах хэрэгтэй байсныг орчин цагийн сэтгэл судлалын шинжлэх ухаан илхэн нотлоод байна.

Тэгвэл буддизмд аз жаргалтай байхын тулд амьдралд ойрхон хандлагыг сонгож хөгжүүлэх ёстой гэж үздэг. Хүссэн аз жаргалаа бий болгохын тулд өөрийнхөө хандлагыг ажиглан таних, өөрчлөх, хөгжүүлэх талаар гайхалтай тайлбарласан байдаг.

Жишээлбэл ханан мэдэл төрүүлэх нь аз жаргалтай байх нэг шалтгаан гэж үздэг. Гэхдээ энэ үг яг ямар утгыг илэрхийлдэг юм бол? Үүнийг хязгаарлагдмал хүрээнд сэтгэж, нийгэмд үлбэгэр, идэвхгүй, зогсонги байдалтай байх эсвэл өөрт байгаа юмандаа хүчээр сэтгэл хангалуун болж, илүү ихийг хийж бүтээх хүслээ унтраах гутранги үзэл гэж ойлговол жинхэнэ асуудал үүсэх биз.

Гутранги үзэл хэзээнээс л өөдрөг үзлийн эсрэг тал нь байсан. Ийм төлөвийн хязгаарлагдмал үзэлтэй хүн аз жаргалыг голдуу эд материалтай холбож ойлгон өөрийнхөө хэр их аз жаргалтай байгаагаа мэдэхийн тулд бусдын эд материалтай өөрийнхийгөө харьцуулах оролдлого хийдэг. Ингэхдээ өөрийнх нь бусдынхаас овор хэмжээ, өнгө төрх, хэлбэр дүрсийн хувьд илүү байх юм бол омогтой, ойворгон, харин дутуу байх юм бол өөрийгөө ядуу, хөөрхийлөлтэй нэгэн болгодог ажээ. Өөр үгээр илэрхийлбэл материалист хүн эд хогшил нь олшрох тусам аз жаргал нь нэмэгдэх шиг санах бол хомстох тусам зовлон нь ихэсч буй шиг бодож сэтгэлийн гүн дарамтад орж эхэлдэг.

Тэгвэл өөдрөг үзлээс жинхэнэ баяр баясгалан төрдөг. Боломжийг харж чаддаг хүнд аз жаргалтай байх маш олон шалтгаан байдаг. Жишээлбэл ийм л хүн өглөө сэрэх бүртээ “буруугаа залруулах, зөвийгөө бататгах нөхцөл дахин олдлоо” гэж өдөр бүрийг шинэ боломж болгон харж баярладаг.

Ийм л хүн хажууд байгаа хүмүүсээ хэлбэр, өнгө, массаар нь бусадтай харьцуулахын оронд “жаргах, зовохын алинд ч цаг үргэлж дэргэд нь минь байнга байх юм” хэмээн чин сэтгэлээсээ талархаж, өөрийнх нь нөмөр нөөлөг дор өчнөөн олон хүн хоргодож, сэтгэл амар, тайван амьдардгийг олж харж хариуцлагаа улам нэмдэг.

Товчхондоо бол ийм л хүн энэ амьдралд материаллаг зүйлсээр хэзээ ч арилжин авч чадахааргүй гайхамшигт зүйлс хаа сайгүй байдгийг дан ганц өөдрөг сэтгэлийнхээ хүчээр олж харан, тэдгээрийгээ бодитой үнэлж, аз жаргалынхаа шалтгаан болгож чаддаг. Тэгэхээр энэ мэт амьдралд хэрэгжихүйц үзэл онолыг баримтлахгүй бол хүн судалж байгаа гүн ухааныхаа зөв бурууг мэдэхгүй төөрөлдөн энэ насыг барах эрсдэлтэй.