Дурлал ба дургүйцэл

Дурлал ба дургүйцэл
Зургийг М.Мишээл

Эгэл жирийн хүн битгий хэл энэ орчлонгоос уйсч магад гарахуйн сэтгэлийг төрүүлсэн дияанчийн ч анхаарлын тэнцвэртэй байдлыг эвдэж чадах “ертөнцийн найман ном” буюу сэтгэлийн найман хортой зуршлыг хөөрөлд автуулдаг ба гутралд оруулдаг гэж ерөнхийд нь хоёр ангилна.

Тэгвэл эдгээр зүйлс бидний сэтгэлийн амар амгаланг хэрхэн эвддэг талаар авч үзье. Энгийнээр өгүүлбэл эдгээрийг дөрвөн дурлал ба дөрвөн дургүйцэл гэж нэрлэж болох байх. Жинлүүрийн хүнд тал нь хөнгөн талаа дээш хөөргөдөг эсвэл хөнгөн тал нь хүнд талаа доош суулгадаг шиг тодорхой нэг дурлал нь тодорхой нэг дургүйцлийг эсвэл тодорхой нэг дургүйцэл нь тодорхой нэг дурлалыг шууд нөхцөлдүүлснээрээ хувь хүний анхаарлын тэнцвэртэй байдлыг илт алдагдуулдаг аж.

Жишээлбэл олз, ашигт дурлах сэтгэл гарлагад дургүйцэх хандлагыг эсвэл гарлагад дургүйцэх сэтгэл олз, ашигт дурлах хандлагыг хөгжүүлж бий болгодог. Олз, ашигт хэдий чинээ шунаж сэтгэлээ хөөрөлд автуулна тэр хэмжээгээрээ гарз тохиоход хувь хүн өөрийгөө гарлагаас үүдэлтэй сэтгэл гутралаас хамгаалах дархлаагүй болсон байдагт л хамаг учир оршиж байгаа юм.

Түүнчлэн хүн амгалан, магтаал, нэр төрд шунаж тэр бүгдийг бий болговч эргээд тэдгээрийн эсрэг тал болох зовлон, шүүмжлэл, үл тоомсорлолоос өөрийгөө хамгаалах дархлаагүй болсон байдаг нь хяслан аж.

Чухамдаа дөрвөн дурлалыг нь дархлаа сулруулагч хүчин зүйлстэй харин дөрвөн дургүйцлийг нь дархлаа нурсны дараа бие махбодыг дарангуйлдаг элдэв өвчний вирустэй адилтгаж болмоор харагддаг.

Гол нь хувь хүний бусадтай харьцах харилцаа зөвхөн өөрийн ашиг хонжоо, ая тохь, сайшаал, нэр төр горилсон шинжтэй бол түүний үр дагаварт зөвхөн гарлага, зовлон, доромжлол, муу нэрээс өөр юу ч ирэхгүй ажээ. Тэр ч утгаараа ертөнцийн найман номыг таньж мэдвэл хувь хүний бусадтай харьцах харилцаа ч эрүүлждэг.