БУЯН НҮГЛИЙГ ЭРГЭЦҮҮЛЭХ (хэрхэн бясалгах вэ II)
Буян, нүглийг эргэцүүлж тунгаах нь хувь хүний сэтгэлгээний хөгжилд их тустай. Гэтэл ихэнх хүмүүс энэ сэдвийг шашин гээд ойлгочихсон учир аз жаргалын шалтгаан болгож харж чаддаггүй. Үнэндээ энэ сургаалыг судалж амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг нь аль нэг бурхан, бүтээгч эзэн, тэнгэр, далдын супер хүчинд тал засаж, таалагдах гэж байгаа зүйл огт биш. Харин хүн түгээмэл ёс зүйн баримтлах зарчимтай болж байгаа хэрэг мөн.
Тэгвэл үүнийг сэтгэл судлал талаас буюу арай өөр өнцгөөс харцгаая.
Юуны өмнө буяныг эерэг, нүглийг сөрөг хандлага гэж ерөнхийд нь энгийнээр томъёолбол бидэнд илүү амар хялбар байх болов уу. Эерэг хандлагыг бие, хэл, сэтгэлийнх гэж гурав ангилж болох, сөрөг хандлагыг мөн адил гурав ангилна. Эерэг хандлага бие, хэл, сэтгэлийн амгаланг тус тус нөхцөлдүүлдэг бол сөрөг хандлага нь эсрэгээрээ бие, хэл, сэтгэлийн зовлонг тус тус нөхцөлдүүлдэг ажээ.
Буян нь сэдэл, үйл, үр дагаврын хүрээнд өөрийн болон өрөөл бусдын амгаланг арвитгах тул ариун ба нүгэл нь мөн сэдэл, үйл, үр дагаврын хүрээнд өөрийн болон бусдын зовлонг нэмэх тул буртагтай.
Түүнээс гадна буддын бясалгалд аз жаргал ба эрх чөлөө хоёр адилхан мөн чанартай. Тэгвэл бие, хэл, сэтгэлээр үйлдэх буян нь бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг хангагч хүчин зүйлс буюу аз жаргалыг нөхцөлдүүлэгч шалтгаан бол бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл нь бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг алдагдуулагч хүчин зүйл буюу зовлонг нөхцөлдүүлэгч шалтгаан болдог.
Тэгвэл “Бодь мөрийн зэрэг”-т гарах арван цагаан буяныг бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг хангагч хүчин зүйлс буюу аз жаргалыг нөхцөлдүүлэгч арван эерэг хандлага, арван хар нүглийг бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг алдуулагч хүчин зүйлс буюу зовлон зүдгүүрийг нөхцөлдүүлэгч арван сөрөг хандлага гэж үзэж болох бизээ.
Хүний хувь тавиланг бурхан эсвэл бүтээгч эзэн бүтээдэг гэж бодох тусам эрүүлээр сэтгэх чадамжаа алдан, мухар сүжигт автдаг. Компьютер л өгөгдсөн програмаар ажилладаг бол харин хүн хувь тавилангаа өөрийнхөө бодол, үйлээрээ үр дагавар, үр дүн болгож бүтээдэг.
Зовлон, жаргалын шалтгаан нь бидний буян, нүглийн хандлагууд юм. Түүнчлэн сөрөг сэтгэлийн хөдлөлүүд сөрөг дадал зуршлыг бий болгох ба үр дагавар нь сөрөг буюу зовлонтой амьдрал билээ. Эерэг сэтгэлгээ эерэг дадлыг бий болгох ба үр дүн нь сэтгэл хангалуун амьдрал мөн.
Тэгэхээр яг энэ цагийн аз жаргалтай эсвэл зовлон зүдгүүртэй агшныг далдын хүчний шагнал, шийтгэл гэж харах бус эерэг ба сөрөг хандлагуудын маань тусгал гэж харах нь хамгийн бодит гаргалгаа юм. Ингэж харж сурвал сөрөг хандлагаа бууруулж, эерэг хандлагаа улам нэмснээр маш олон маргаашийг улам гэрэл гэгээтэй болгох боломжтой.
Товчхондоо бидний хүсээд байгаа аз жаргалыг нөхцөлдүүлэгч нь тэдгээр арван эерэг хандлага бол хүсээгүй байхад ирж зовоодог зовлонгууд нь мөн л тэдгээр арван сөрөг хандлага билээ. Тэдгээрийг дараах байдлаар ялгаж үзье.
Биеийн гурав:
- Амьтны амь авран хамгаалах ↔ Амьтан алах
- Бусдад өглөг туслалцаа үзүүлэх ↔ Хулгай хийх
- Ёс суртахууныг баримтлах ↔ Завхайрах
Хэлний дөрөв:
- Үнэн зөвөөр өгүүлэх ↔ Худал ярих
- Эв зүйгээр өгүүлэх ↔ Хов ярих
- Эелдэг зөөлнөөр өгүүлэх ↔ Хараал хэлэх
- Залбирал унших ↔ Дэмий чалчих
Сэтгэлийн гурав:
- Буйдаа ханан мэдэлтэй байх ↔ Хомхой сэтгэл
- Бусдыг энэрэх ↔ Хорлох сэтгэл
- Зөв үзлийг баримтлах ↔ Буруу үзэл
Дахин өгүүлэхэд эдгээр эсрэг тэсрэг харьцаатай эерэг ба сөрөг талууд буюу буян, нүглийн тухай сургаал нь шашны гэхээсээ илүү түгээмэл ёс суртахууны хэм хэмжээний тухай хөдлөшгүй зарчмууд билээ.
Бурхан багш эдгээр сургаалуудаа хувь хүн, гэр бүл, алба ажил, нийгмийг амар тайван, эмх цэгцтэй байлгахын тулд зүй ёсны тогтолцоог ажиглан айлдсан болно.
Харин одоо бясалгаач буян, нүглийг эргэцүүлэийн тулд бясалгалын суудалдаа суугаад 3 минутаар бясалгалын тунгаа тааруулж доорх байдлаар бясалгана.
Өөрийн сэтгэлд төрж буй бодлуудыг ажиглахаас гадна тэдгээрийг сэтгэл зүй болон бие махбодын амгаланг нөхцөлдүүлэх эерэг төлөвтэй байна уу эсвэл хөөрөл, гутралын аль нэгд оруулах сөрөг төлөвтэй байна уу эсвэл эдгээрийн аль нь ч бус саармаг төлөвтэй байна уу гэдгийг нарийн шинжил. Өмнө нь төрсөн бодлуудаа байгаагаар нь ажиглаж бясалгаж байсан бол энэ удаа төрж буй бодлуудынхаа төлөвийг шинжилж, сайн, муу эсвэл саармаг гурвын алинд хамаарахыг тодорхойл. Улмаар сөрөг болон саармаг төлөвтэй бодлуудыг орхиж, эерэг төлөвийн бодлуудыг ухамсартайгаар сонгож бод.
Ингэж буян, нүглийг ажиглан шинжлэх нь хүнд сөрөг бодлоосоо татгалзах, саармаг бодлоо таних, эерэг бодлоо сонгох зэргийг ухамсартай хийж эхэлдэг бөгөөд үүнийг дагаад сэтгэлгээ нь эрүүлжих, уураг тархи нь цэнэглэгдэх олон давуу тал бий болдог. Ер нь буян, нүглийг эргэцүүлэн бясалгах нь амар амгалан амьдралын суурь болсон эерэг сэтгэлгээг хэвшүүлдэг сэтгэл зүйн сонгодог дасгал мөн.