Хэрхэн Бурхны дүр байдал дээр төвлөрч бясалгах вэ?
Одоо түрүүчийн аргаас арай өөр сонгодог бясалгалын аргыг танилцуулъя. Энэ бол Бурхан багшийн дүр байдал дээр анхаарлаа тогтоон төвлөрүүлэх бясалгал билээ.
Энэ бясалгалыг олон жилийн туршлагатай, буддын шашны мэдлэгтэй хүмүүс голлож хийдэг. Богд Зонхабагийн туурвисан “Дунд бодь мөрийн зэрэг” хэмээх бүтээлд нийтийн ёсны амарлин ахуйн бясалгалд чулуу, мод тэргүүтнийг ч зоригдлын орон болгоод түүн дээр анхаарлаа төвлөрүүлж болох тухай айлдсан байдаг. Түүнчлэн бурхны дүр байдлыг сэтгэлдээ байгуулан түүнд анхаарлаа төвлөрүүлэн бясалгах нь амарлин ахуйн нийтийн бус ёс бөгөөд түүгээр цаглашгүй их буяныг хураадаг хэмээсэн нь шүтээний ялгамжааг тодруулсан хэрэг ажээ.
Бясалгаач Намбарназад бурхны суудлаар сууж өөрт тохирох тунгаар бясалгана. Аврал итгэл одуулах уншлага мэддэг бол түүнийгээ ёсчлон уншина. Үүний дараа бясалгаач Бурхан багшийн дүр байдлыг гэрэл цацруулсан алтлаг өнгөтэйгөөр хоёр хөмсөгний уулзвараас мухар тохой зайд дөрвөн хуруунаас өндөргүйгээр төсөөлж түүн дээр анхаарлаа тогтоон бясалгана.
Ингэж бясалгахын өмнө бясалгаач Бурхан багшийн дүр байдлыг тухайн хэмжээгээр өмнөө дээрх адил байрлуулаад нүдээрээ дамжуулан сэтгэлдээ таниулах ажлыг хийвэл илүү үр дүнтэй байдаг.
Учир нь энэхүү бясалгал нүдний хараагаар дамжуулан сэтгэлд хадгалсан дүр байдал дээр суурилдаг тул бясалгаачаас ой тогтоолтын чадвар шаарддаг. Ингэж Бурхан багшийн дүр байдал дээр ой тогтоолт хийгээгүй хүн түүнийг тухайлан санахгүйгээс сэтгэлдээ цоо шинэ дүрээр бүтээчих гээд байх тал бий.
Хүн болгон уран зураач биш тул тэгж шинээр бүтээхдээ тиг хэмжээг нь алдагдуулдаг. Чухамдаа энэ бясалгал бясалгаачаас оюуны өндөр чадамж шаарддаг гэж хэлж болно. Гэхдээ оюуны өндөр чадамж нь анхнаасаа байгаагүй харин хүний шамдал, дадлын үр дүнд бий болдог сэтгэлийн чанар юм.
Хэрэв бясалгаач Бурхан багшийн лагшингийн аль нэг хэсгийг төсөөлөхдөө бусад хэсгүүдээ мартаж, тодруулж чадахгүйд хүрвэл өмнөө байрлуулсан дүр байдлыг дахин нэг харж тогтоогоод цааш нь үргэлжлүүлнэ. Энэ мэтчилэнгээр ой тогтоолтоо бодит дүрээр сэлбэн бясалгах нь анхандаа их тустай байдаг. Олон арван цаг энэ мэт бясалгаж байж сая Бурхан багшийн дүр байдлыг тухайн тиг хэмжээгээр нь сэтгэлдээ баттай байгуулж сурдаг. Ингэж бясалгахдаа тунг урд гарсан шиг тааруулах нь зүйтэй.
Ихэвчлэн хүн ямарваа нэг зүйлийг сэтгэлдээ төсөөлөхдөө нүдний харааны дэмжлэгийг авдаг. Харааны дэмжлэгээр бий болгосон төсөөлөл нь нүд хөдлөхөд дагаад атирч сарнидаг тул энэ бясалгалд төсөөлөл, хараа хоёрыг салгаж ойлгох нь тун чухал билээ.
Мөн бясалгаач Бурхан багшийн дүр байдлыг дан ганц зураг төдий бус харин бурхан өөрийн хувилгаан лагшингаар миний сэтгэлийн орон зайд бодитой заларлаа хэмээн сүсэглэх аваас бясалгалд хүч ордог болохыг мэдүүштэй. Энгийн түвшинд бясалгаач холбогдох гүн ухааны гаргалгаа, шинжлэх ухааны нотолгооны хүчээр сэтгэлийн тодорхой хөгжлийг бий болгодог. Гэхдээ учир шалтгаанд суурилсан сүсгийн хүчээр юмсыг илүү оюунлагаар харах чадвартай болдог бөгөөд энэ нь бясалгаачид олон давуу талыг бий болгож өгдөг. Түүнчлэн Бурхан багшийн дүр байдлыг сэтгэлдээ тодруулан бясалгахдаа давхар адис жинлав нь сэтгэлд баттай төрлөө гэж дотроо сүслэн бодох учиртай.
Богд Зонхабагийн дээрх айлдвар нь энэ бясалгалын ач холбогдлыг шашны талаас нь гайхалтай тодорхойлдог. Тэгвэл буддын сэтгэл судлал талаас нь энэ аргын давуу талыг юу гэж тодорхойлох бол? Яагаад гүнзгий шатны бясалгаачид энэ аргыг голлодог вэ? гэдэгт сэтгэл судлал талаас нь товч тайлбарлъя.
Урд заасан хоёр аргатай харьцуулбал энэ арга бясалгаачид өөрт нь сэтгэлийн живэлт, догшрол тэргүүтэй гэмүүдийг илүү тодорхой харуулж чаддаг. Ялангуяа амьсгал болон бодлын төлөвийг ажиглах дээр суурилсан бясалгалын үест бүдүүн төлөвийн живэлт, догшрол ургах нь анзаарагддаг бол нарийн төлөвийн живэлт, догшролууд тэр болгон анзаарагдахгүй байх тал бий. Харин энэ аргаар бясалгахад живэлт, догшролууд ургах нь ил харагддаг. Бясалгаач Бурхан багшийн ерөнхий дүрийг сэтгэлдээ байгуулан бясалгах үест гүнзгий усанд чулуу хаяхад бараа нь тасран алга болдог шиг анхаарлын төвлөрөл идэвхгүй болж зоригдлын орноо алддаг. Энэ бол живэлтийн төлөв өөрт бодитой үзэгдэж байгаа нь тэр.
Нарыг үүл халхалдаг шиг элдэв ертөнцийн бодол төрөх агшинд Бурхан багшийн дүр байдал тэдгээрт халхлагдан алга болдог. Энэ бол догшролын бүдүүн төлөв өөрт бодитой үзэгдэж байгаа нь тэр билээ. Тэгэхээр Бурхан багшийн дүр байдлыг сэтгэлийн харанхуйд уусгаж алдаагүй, эсвэл элдэв атгаг бодлоор халхлуулаагүй байгуулж чадаж байгаа бол дээрх хоёр гэмээр эзлүүлэлгүй бясалгаж чадаж байна гэсэн үг.
Тийм учир энэ бясалгалын арга бясалгаачид сэтгэлийн гэмийг нь ил үзүүлж улмаар тэдгээрийг сүсэг, мэдэмсрээр боомтлох боломжийг гаргаж өгдгөөрөө онцлогтой.
Зөвхөн орны хувийг байгуулах дээр сэтгэлийн гэмүүд ил үзэгдэхээс гадна тодруулгын хувийг бүтээх үест ч мөн адил үзэгддэг тул бясалгаачид их тустай. Мөн живэлт, догшролоор эзлэгдэж Бурхан багшийн дүр байдлыг байгуулж, тодруулж чадахгүйд хүрвэл бясалгаач хилэнц арилгах, буян хураах зан үйлээр түйтгэрийг арилгаад дахин бясалгалдаа шамдвал зохилтой.
Энэ нь судрын ёсны бясалгал авч бурхны дүр байдал дээр суурилдаг тул дандрын ёсны бясалгалд орохын нэгэн чухал суурь болж өгдгөөрөө амарлин ахуйн бусад аргуудаас буяны хувьд үлэмж ялгамжаатай.
Бурхны дүр байдал дээр анхаарлаа төвлөрүүлсэн бясалгах хүний мэдэх ёстой бас чухал зүйл бол орны ба тодруулгын хувь мөн. Тодруулбал бурхны дүр байдлыг санамсар, мэдэмсрийн хүчээр ерөнхий байдлаар сэтгэлдээ бат тогтоох нь орны хувь бол улмаар сэтгэлд тогтсон дүр байдалд нарийн тодруулга хийхийг тодруулгын хувь хэмээдэг.
Дан ганц тогтоон төвлөрөх бясалгалыг голловол хүний анхаарал тогтворжиж, сэтгэл зүй болон бие махбодын хувьд тайтгарал тайвшралыг амсах болов ч юмсын мөн чанарыг танин мэдэх оюуны хөгжил нь орхигддог дутагдалтай. Тиймээс бясалгаач хүн ганцхан зүйлд туйлшралгүй ажиглан шинжлэх бясалгалд давхар суралцаж аливаа асуудлыг олон талаас нь харж сурах оюуны хөгжлийг эрхэмлэх аваас алдаа гарахгүй.