БОДЛЫН ТӨЛӨВӨӨ АЖИГЛАХ (хэрхэн бясалгах вэ I)
Энэ удаа өрнийн сэтгэл судлаачдын хэрэглэдэг буддын сонгодог бясалгалыг энгийншүүлж тайлбарлан хүргэе. “Бясалгал гэж юу вэ?” гэсэн асуултад “тарни тоолох”, “анхаарлаа төвлөрүүлэх”, “сэтгэлээ хянах”, “юу ч бодохгүй байх” гэж ихэнх хүмүүс хариулдаг. Эдгээрийн аль аль нь бясалгалтай хамаатай.
Гэхдээ аль ч тохиолдолд хүн юу хийж байгаагаа давхар мэдэх нь хамгийн чухал байдаг. Хүн болгон сонгодог аргуудаар орчин бүрдүүлж бясалгах боломжгүй болсон энэ цаг үед юу ч хийсэн түүнийгээ давхар мэдэж байх аргыг өөртөө дадуулж сурвал нийгмийн харилцаанд орж байсан ч бясалгаж болно гэсэн үг.
Та урд заасан бясалгалын суудлаар тэгш суугаарай. Эхний удаа гурван минутаар бясалгах нь хангалттай тул сэрүүлэгтээ тохируулга хийгээрэй.
Энэ төрлийн бясалгал маань ямарваа нэг мэдрэмжид суурилахгүй. Харин бясалгалын үест сэтгэлд төрөх бодлуудыг ажиглах дээр суурилна. Тиймээс бясалгалын тун эхэлсэн мөчөөс эхлэн сэтгэлд төрж байгаа бодлуудыг ажиглана.
Ингэхдээ бодлуудыг хүчээр хаах, таслах, эсвэл үргэлжлүүлж төсөөлөх бус харин тэдгээр төрж байгаа бодлыг хөндлөнгөөс ажиглах юм. Үндсэндээ төрж байгаа бодлын нөлөөнд орохгүй, харин зөнгөөр нь орхиж ажиглах буюу ямар ямар бодол төрж, хэдий хэр хугацаанд үргэлжилж бас хэзээ сарнин алга болж байгааг ухамсарлан таньж мэдээрэй.
Жишээлбэл нэг хүн кино үзээд түүнийхээ нөлөөнд автаад сэтгэлийн хөөрөл, эсвэл гутралд орж байна гэж төсөөлье. Түүний гаргаж байгаа сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнүүд танд инээдтэй санагдаж ч болох юм. Харин кино үзэх үеийнх нь бичлэгийг хийгээд өөрт нь үзүүлбэл тун инээдтэй санагдах биз.
Эндээс та нэг зүйлийг анзаараарай. Уг хүн кино үзэж байхдаа хүчтэй илрэх сэтгэлийн хөдөлгөөнд автаж хөөрөл ба гутралын шинж тэмдэг үзүүлж байсан. Тэгвэл тэр үед гаргаж байсан сэтгэлийн хөдөлгөөнийг өөрт нь бичлэгээр үзүүлбэл өмнөх шигээ хөөрөл, гутралд дахин автах болов уу? Үгүй болов уу. Харин янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөн гаргаснаа сонирхон харах байсан биз.
Энэ тохиолдолд кино үзэж байгаа хүн нь бидний бодол гэж үзвэл гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнүүд нь бидний сэтгэл зүй болоод бие махбодыг хямраадаг цочир мэдрэмжүүд юм. Харин өөрийнхөө бичлэгийг хөндлөнгөөс үзээд дүгнэлт хийж байгаа нь мэдэмсэр буюу сэтгэлийн хяналтын төлөв юм. Тэр хүн анхнаасаа кино үзэх явцдаа өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг анзаарч мэдсэн бол хөөрөл, гутралд автах байсан уу гэдгийн хариултыг танд үлдээлээ. Үүнийг та өөрөө энэхүү аргаар бясалгаж хариултыг нь олоорой.
Мэдэмсэр үгүй бол ямар ч төрлийн бясалгал хийлээ ч жинхэнэ бясалгал болж чадахгүй. Тэгэхээр энэ бясалгалыг санамсар ба мэдэмсрийг хамтад нь хөгжүүлэхэд тухайлан чиглэсэн гэж ойлгож болно.
Ингээд сэтгэлд тань ямар бодол төрж байгааг агшин агшинд нь таньж мэдэх, ажиглах байдлаар бясалгалаа үргэлжлүүлнэ. Бясалгах үед таны бодолд урьд нь болж өнгөрсөн явдлууд эсвэл хийхээр төлөвлөсөн зүйлүүд төсөөлөл болон үгэн бодол байдлаар орж ирэх болно. Энэ үед мэдэмсэр үгүй бол бол та түрүүний кино үздэг хүн шиг тухайн бодлуудынхаа нөлөөнд автсаар бясалгалын тунгаа дуусгана. Харин мэдэмсрээ ажиллуулж чадвал тэдгээр дэл сул бодлуудын нөлөөнд үл автах бөгөөд оронд нь анхаарлын тэнцвэртэй байдлыг бий болгож, улмаар цааш нь хөгжүүлэх боломжтой.
Др.Алан Валлас багшийн хөтөлбөрөөр бясалгаж эхэлж байхад надад хоёр төрлийн бэрхшээл гарсан юм. Эхлээд бясалгахад яагаад ч юм бодол хоосорчихож билээ. Төрж байгаа бодлуудаа яг одооноос мэдэмсрийн хүчээр ажиглаж танина гэж их догдолсон болоод тэр үү хамаг бодол салхинд хийсчихсэн юм шиг болсон. Тэр үед бүр энэ бясалгалын арга чинь ийм амархан юм уу гэж санагдаж улмаар ажиглах бодолгүй болчихсон болохоор бясалгалаасаа уйдчих гээд байв.
Харин хэдэн тунгийн дараа үерийн ус шиг бодлын хүчтэй урсгал сэтгэлд бууснаар би гэдэг хүн бүр бясалгаж байгаагаа мартан нэг бодлоос нөгөө бодолд хөтлүүлэн алгасарч тэрхүү бодлын хүчтэй урсгалыг яагаад ч хянаж чадахгүй нь гэж гуниглан бодож байсан.
Багшийн айлдварыг хичээнгүйгээр тунгаан бодсоны эцэст дээрх хоёр зүйлийн учрыг ойлгосон. Эхнийх нь бодол хоосроогүй харин төсөөлөлт бодлоос “Надад бодол орж ирэхгүй байна. Яасан хачин юм бэ? Би эсвэл бясалгалын ийм сайн авьяастай юм болов уу?” гэх мэт үгэн бодол руу шилжсэн төдий байв. Харин тэр үгэн бодлыг миний бие бодолд тооцоогүйгээс болж зорилгогүй болсон мэт санасан байдаг. Удаах нь тухайлсан орчинд тууштай бясалгаж үзээгүй, сэтгэл рүүгээ өнгийж байгаагүй байсан болохоор бодлууд тэгж замбараагүй үүсч анхаарал сарниулдгийг мэддэггүйтэй холбоотой байжээ.
Ер нь бодлыг таатай, таагүй ба саармаг гэж ангилж болох бөгөөд мэдэмсрээ хөгжүүлээгүй хүн таатай бодол төрөхөд бүдүүн, нарийн хэлбэрээр сэтгэлийн хөөрөлд автдаг. Харин таагүй бодол төрөхөд мөн адил бүдүүн, нарийн хэлбэрээр гутралд автдаг. Саармаг бодлууд хувь хүний сэтгэл зүй болон бие махбодод онцын нөлөө үзүүлдэггүй тул хүн ялгаж анзаардаггүй. Энэ нь хүний сэтгэлд живэлт, будангуйрал хөгжих нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Анхандаа энэ бясалгалыг хийхэд сэтгэлд төрсөн таван бодлоос нэгийг нь л тухайн төрж байх агшинд нь ажиглаж таньдаг бол бусдыг нь анзааралгүй өнгөрүүлчих гээд байдаг. Тэр нэгийг нь ажиглаж танихдаа ч хоцрогдолтой барьдаг буюу бодол яг төрөх агшинд ажиглаж таних бус харин төрснийх нь дараа нэхэж санадаг. Энэ нь мэдэмсэр төдийлөн чадавхжаагүй байна гэсэн үг.
Мэдэмсэр тунгаас тунгийн хооронд чадавхжиж хөгждөг. Товчхондоо хүн бясалгах тусам туршлага хуримтлуулж, аргачлалаа олж авдаг бөгөөд энэ үеэс эхлэн бодлуудыг төрөх агшинд нь ажиглан таних чадвар сууж эхэлдэг. Мэдэмсэр ингэж хөгжихөд хүний сэтгэлд тодорхой давуу чанарууд бий болно.
Үүнд:
- Хүн өөрийн юу боддогоо таньж мэднэ
- Ой санамж сайжрана
- Стресстэй бодлоо хянаж сурна
- Таатай, таагүй, саармаг мэдрэмжийг ялгаж сурна
- Сэтгэл хөдлөлөөс ангид сэтгэх чадамж сайжрана
- Анхаарлын тэнцвэртэй байдал бий болно
- Анхаарлын төвлөрөл хөгжинө
- Стрессээс үүдэлтэй бие махбодын хямрал тогтворжино
- Нойр сайжрана
Энэ бясалгалаар тогтмол хичээллэсний үр дүнд хүн өдрийн турш ямар төрлийн бодлуудад дарагдаж явдгаа олж мэдэхийн зэрэгцээ тэдгээрийн нөлөөнөөс ангижирч эхэлдэг. Ер нь хүн юу боддогоо мэдэхгүй бол яаж аз жаргалтай байх ухаанаа хэзээ ч олохгүй. Энэ тохиолдолд хүмүүс аз жаргалыг сэтгэлээсээ бус гадаад үзэгдлээс хайх гэж зүдэрдэг.
Мөн нэг агшинд амссан сэтгэл ханамжаа үүрд хадгалахын тулд түүнийг бий болгосон зүйлийн овор хэмжээг л нэмэх гэж хичээдэг. Гэтэл материаллаг зүйлс дээр суурилсан сэтгэл ханамж аз жаргал бус харин хүнийг улам стресстүүлдэг шунал мөн. Тэгвэл хэдий чинээ шунана тэр хэмжээгээр хүн эрүүлээр сэтгэх чадвараа гээж анхаарлын тэнцвэргүй байдалд орж стресстдэг болохыг буддын сургаалд нарийн тайлбарласан байдаг.
Хожим би өөрийнхөө түвшинд энэ бясалгалтай холбоотой нэг бяцхан туршилт хийсэн юм. Урьд нь би холливуд, япон, солонгосын хийсэн аймшгийн кино үзэхдээ үйл явдал дотор нь орж, түшгүүртэй үзэгдэл, дуу чимээ, хөгжмөөс нь айж цочин үздэг байв.
Энэ төрлийн бясалгалаар тодорхой хугацаанд хичээллэсний дараа хамгийн эвгүй санагддаг байсан аймшгийн киноноос сонгон үзэхдээ түүнийг кино урлаг, найруулагчийн уран сайхны бүтээл, нүд хуурсан үзэгдэл, зовж шаналж байгаа дүрийг гаргах гэсэн жүжигчдийн оролдлого гэж харах болов. Түүнээс гадна тухайн тавилттай жүжиглэлтээс надад ямар бодол, мэдрэмж яаж төрж байгааг чухалчлан ажиглахыг хичээдэг болсон байв. Тэр үед тэр мэт аймшгийн кино миний айдас түгшүүрийн шалтгаан болж чадахаа больсон байлаа. Харин түүнээс үүдэлтэй бодол, мэдрэмжүүд хэрхэн төрж, яаж сарниж байгааг сонирхон ажиглах нь миний хувьд илүү сонирхолтой санагдаж эхэлсэн юм. Ингээд хүн танин мэдэхүй болон бодол, мэдрэмжээ ажиглан шинжлэх чадвараа хөгжүүлбэл ямар ч нөхцөлд өөрийгөө удирдаж хянах боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч билээ.
Танд бүр илүү ойлголт өгөх үүднээс санамсар, мэдэмсэртэй холбоотой өөр нэг түүхийг өгүүлье. Хэдэн жилийн өмнө хөдөө хувийн ажлаар явж байх үед нутгийн нэг хүн таалал болж, миний бие хойдын буянд нь ерөөл уншихаар залагдсан юм. Орон нутагт лам ховор тул ёсыг бодож очив. Ингээд бүрлээчийн шарилыг байрлуулахаар цасан дээр түр барьсан гэрт ах, дүү нарых нь төлөөлөл болох хоёр хүнтэй хамт орж билээ. Гэрийн голд байрлуулсан шарилын дэргэд газарт суун сүүтийсэн жижиг гэрэлд ажаагаас минь дамжиж ирсэн өврийн уншлагын ном болох Сандуйн жүдээс¹ уншиж суухад хамт орж ирсэн хоёр хүн зогсож байгаа нь тухгүй харагдаж байв. Хэсэг хугацааны дараа ажиглахад нөгөө хоёрын нэг үлдсэн байлаа. Судраа уншиж дуусах болоогүй байсан тул нөгөө үлдсэн хүнийг “Зогсож байхын оронд суучхаасай билээ” хэмээн бодон цааш нь уншиж суутал гэнэт миний толгойд “Нөгөө үлдсэн ганц хүн нь гэнэт гараад явчих юм биш биз?” гэсэн эргэлзээтэй бодол төрж эхлэв. Судрын дунд хэрд явж байтал гэр хөвсхийх шиг болохоор нь эргээд хартал нөгөө хүн хүйтэнд бас суудалгүй удаан зогссондоо тэсэлгүй гараад явчихаж.
Тэр мөчөөс хойш “Энэ хүмүүс яасан хачин хүмүүс вэ. Хамт орж ирчхээд шарилын хажууд ганцааранг минь орхиод гарлаа. Нүүр бүтээсэн хадаг нь хөдлөв үү яав. Гар нь орноос унжих шиг боллоо. Яадаг билээ одоо” гэх мэтчилэнгийн элдэв бодол төрж таагүйтэж эхлэв. Тэгтэл гэнэт би яах гэж энд сууж байгаагаа гэнэт санаад ихээр тайвширч билээ. Үнэндээ багш нараар заалгуулсан бясалгалын дадал хальт цухуйсан хэрэг.
Түүний дараа “Одоо л миний атгаггүй хийсэн буян бүрлээчийн хойдын мөрд юу юунаас илүү хэрэгтэй. Тиймээс элдэв балай зүйл бодож жийрхэж суухын оронд бодь сэтгэл, хоосон чанарыг аль чадлаараа бодож тэр амьтны тусыг хичээнгүйлэн хийе. Нүүрийг нь бүтээсэн хадаг хөдөлбөл хөдлөг. Сонин зүйл болно. Өндийгөөд босоод ирвэл ирэг. Гайхамшиг болно. Бушуухан хөтлөөд олон хүн байгаа гэр лүү нь дагуулаад орно. Гэхдээ ийм зүйл байхгүй. Тиймээс байхгүй юмнаас болж жийрхэж атгаглаад яах вэ” гэж бодох ухаантай болж ирсэн юм.
Хэрэв багш нарын минь заасан ном ухаанд буугаагүй бол би юу хийж байгаагаа, яаж хийж байгаагаа ч мэдэхгүй, хэрэгтэй үед амьтанд тус хийх ухаан гарч ирэхгүй байх байсан болов уу. Хамгийн чухал нь санамсар, мэдэмсрийн хүчээр өөрийгөө бүрэн хянах, улмаар чин сэтгэлээсээ зориулга хийх чадалтай үлдсэн билээ.
Иймээс барууны сэтгэл судлаачид үйлчлүүлэгчдэдээ энэ аргыг өөрийгөө хянах хамгийн үр дүнтэй гэж үзэн шинэлэг байдлаар зааж байна.
Буддын шашинд ч санамсар, мэдэмсрийг их чухалчилдаг. Нэг жишээ нь: Миний бясалгалын багшийн багш болох Дилго Чэнзэ ринбүчи² бээр “Тарни тогтоол урин уншиж тоо авч байгаа хүн заавал санамсар, мэдэмсрээр бодлоо эзлүүлэх хэрэгтэй. Юуны төлөө, яаж уншиж байгаагаа мэдэхгүй бол тухайн үйл шашин, амьтны тус амгалан бүтээх бус харин уруулын хөдөлгөөн төдийхөн зүйл болно” хэмээн айлдаж байсан байдаг.
Ер нь өөрийн сэтгэл дээрх олон бодлуудыг ажиглан таньж мэдэхгүйгээр бясалгах, сэтгэлээ хянах, бодлоо цэгцлэх, хөөрөл ба гутралаас өөрийгөө хамгаалах, амар амгалан төлөвийг бий болгох гэж оролдох нь логикийн хувьд боломжгүй. Тиймээс энэ бясалгалаар хичээллэж, санамсар мэдэмсрээ хөгжүүлбэл хувь хүн амьдрал, хичээл сурлага, ажил төрөлдөө бүтээлчээр хандаж сурдаг
¹ Сандуйн жүд нь Бурхан багшийн айлдсан дээд дандрын Сандуй бурхны ёсны судар. Эл судрын нууц утгыг Нагаржуна гэгээн “Эрдэнийн эрхи” бүтээлдээ тайлбарласан. (санскрит. Guhyasamāja; монгол. Нууцын хураангуй)
² Дилго Чэнзэ ринбүчи - Төвөдийн буддизмын улааны ёсны тэргүүн байсан бөгөөд 1910 – 1991 онд амьдарч байсан дандрын ёсны их бүтээлч.