Бодькаст #16 - Элчин сайд Майкл Клечeски

Майкл Клечeски: Монголын талаарх бүх зүйл миний хувьд шинэ санагдсан. Би Азийн орнуудыг сайн мэднэ. Гэхдээ өмнө нь ажиллаж амьдарч байсан орнуудыг маань бодвол эндхийн соёл тэс ондоо санагдсан. Монголчууд хэчнээн эелдэг, найрсаг зантай нь эхнэр бид хоёр хамгийн түрүүнд ажиглагдсан.

Бодькаст #16 - Элчин сайд Майкл Клечeски

- Эрхэмсэг ноён Элчин сайд. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

- Энд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Баярлалаа.

- Манай ярилцлагад орох урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өнөөдөр бид түүх соёл, хүний нийгэм, шашины талаар ярилцах болно. Таны өсөж төрсөн газар, гэр бүлийн чинь талаар мэдээлэл үзэгч сонсогчдод сонирхолтой байх болно. Хэрэв хүсвэл та бидэнд энэ тухай хуваалцаач.

- Бололгүй яах вэ. Дуртайяа. Юуны өмнө би Монголд эхнэртэйгээ цуг ирээд хоёр жил болж байна. Бидэнд Монгол маш их таалагдаж байгаа. Энэ үнэн шүү. Би Нью Йорк хотод өсөж төрсөн. Их том хот шүүдээ. Би АНУ-ын Төрийн департаментад дипломат болон гадаад харилцааны албыг олон жил хашиж байна. Олон ч оронд ажиллаж амьдарч байлаа. Очсон газар болгон маань гайхалтай байсан. Гэхдээ миний хувьд Монгол орон хамгийн сайхан орнуудын нэгд тооцогдох олон шалтгаан бий. Тэдгээрийн ихэнх нь бидний одоо ярилцах гэж байгаа Монголын соёл, уламжлалтай ихээхэн холбоотой юм. Нэмж хэлэхэд, эхнэр бид хоёр гурван хүүхэдтэй. Энэ зун хоёр нь бидэн дээр ирэх учраас би их баяртай байгаа. Тэднийг ирэхээр эндхийн түүхэн дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үзүүлнэ гэж бодож байгаа. Та намайг сүм хийдэд очих хэчнээн дуртайг удахгүй мэдэх байх аа. Хүүхдүүддээ ч заавал үзүүлнэ. Энд байгаа нэгэн чухал шалтгааны маань нэг л дээ. Удахгүй бид энэ тухай ярилцах байх.

- Сонирхолтой юм аа. Өнөөгийн нийгэмд эв нэгдэл,  ёс суртахуун, инээмсэглэлийг түгээх нь бидний зорилго. Тань шиг хүмүүс бидэнд үлгэр жишээ болдог. Тийм ч учраас бид таныг подкастандаа урьсан юм.

- Баярлалаа.

- Та мод тарих, музей сүм хийд дээр очих гээд нийгмийн ажилд идэвхтэй оролцож буй харагддаг.Та бидэнд сүүлийн үед хийж байгаа ажлаа сонирхуулаач.

- Бололгүй яах вэ. Таны сая хэлсэн бүх зүйлүүдийг хийдэг. Мэдээж хөл хорионы үеэр тэдгээр зүйлүүдийн ихэнхийг нь хийх боломжгүй болсон шүү дээ. Танай улс надад үнэхээр сонирхолтой санагддаг. Тиймээс Монгол орны талаар илүү ихийг мэдэх боломж бүрийг алдалгүй ашиглахыг хичээдэг. Ихэнх дипломатчид төдийлөн мэдэхгүй улсдаа очиж ажиллахдаа тухай орныхоо талаар хурдан мэдэж авахыг хичээдэг. Миний хувьд бол тухайн улсынхаа сайн сайхныг нь үзэж харах илүү чухал байдаг. Эхнэр бид хоёр энд 2 жилийг өнгөрүүлэхдээ яг л тийм зүйлийг хийсэн. Жишээ нь, би музей үзэх дуртай. Монгол орон бол баялаг түүхтэй орон шүү дээ. Мэдээж зарим нэг талаараа Америкийн түүхийг бодвол хамаагүй эртний түүх юм. Энэ бол миний судлах дуртай зүйлүүдийн нэг. Би Монголын түүхийн тухай их уншдаг. Мэдээж монгол хэлийг хараахан сайн сурч чадаагүй байгаа болохоор англиар л их уншдаг. Би сүм хийдүүдэд зочлох их дуртай. Ер нь Монголын ихэнх сүмүүдийг үзчихсэн. Улаанбаатар дахь зарим нэг монголчуудын мэдэхгүй сүмүүдийг үзэж дуусгаснаараа ч их бахархдаг. Тэгээд монгол найз нөхөд, хамт олондоо "Тэр сүмийг үзсэн" гэж хэлэхэд "Хаана байдаг билээ?" гэж их гайхацгаадаг юм. Тиймээс би танай үзэсгэлэнт орны баялаг үүх түүхийг судлахдаа туйлын баяртай байдаг. Мод тарих боломж гарсан нь миний хувьд татгалзах аргагүй тохиол болсон. Чойжин ламын сүмд засвар хийж байгаа учраас мод суулгахаар болсон юм. Гадна хэсэг нь үнэхээр сайхан болсон. Өмнө нь ч гэсэн сайхан харагддаг байсан ч энэ удаа бүр ч илүү өнгө нэмсэн байна лээ. Сонирхуулж хэлэхэд энэ засварын ажлыг Монголын урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн. Надтай хамт бусад дипломатууд болон өөр хэдэн хүмүүс удирдах зөвлөлд нь байдаг юм. Засвар, шинэчлэлтийн ажил амжилттай явагдаж дууссан. Мэдээж үүний нэг жижигхэн хэсэг нь мод суулгах байсан юм. Хийдийн гадна нь мод суулгасан нь бидний хувьд нэр төрийн хэрэг болсон. Үнэхээр гайхалтай арга хэмжээ болж өнгөрсөн.

- Монгол оронд ирсэн даруй  таны анхны сэтгэгдэл ямар байв?

- Монгол миний хувьд цоо шинэ зүйл байсан. Би Азийн орнуудыг харьцангуй сайн мэднэ. Гэхдээ өмнө нь ажиллаж амьдарч байсан орнуудыг маань бодвол эндхийн соёл тэс ондоо санагдсан. Монголчууд хэчнээн эелдэг, найрсаг зантай нь эхнэр бид хоёрт хамгийн түрүүнд ажиглагдсан. Дээрээс баялаг үүх түүхээс улбаатай өв уламжлал нь монголчуудад хэчнээн чухал болох нь харагдсан. Хаана ч очсон ийм л зүйл ажиглагдаж байлаа. Монголд ирсэн даруйдаа л малчин айлд зочилж байлаа. Анх удаагаа жинхэнэ гэр дотор орж үзэхэд үнэхээр сайхан санагдаж байсан. Дөнгөж танилцаж байгаа болохоор хаана зогсохоос эхлээд яаж зөв хооллохоо ч мэдэхгүй байлаа. Гэхдээ бид энэ бүх ёс заншлыг хурдан сурч мэдсэн. Жишээлбэл, хөөрөг солилцох ёсыг хүртэл сурч байлаа. Үүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүн бол юу хийхээ мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид их хурдан сурч авсан. Энэ бол мэдээж танай олон сайхан ёс заншлын нэг юм. Нөгөөтэйгүүр, миний хувьд Буддын шашин зонхилсон анхны орон болсон. Өмнө нь бол бусад шашин зонхилдог орнуудад ажиллаж амьдарч байлаа. Энд байх бас нэг гайхалтай тал нь Буддын шашны өв соёлын тухай суралцах юм. Монголд амьдарч байгаа хугацаандаа би энэ бүхнээс ихээхэн таашаал авч байгаа.

- Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр.

- За.

- Монгол дахь Буддын шашинтай холбоотой таны хувийн бодол сэтгэгдэлийг сонсъё?

- Би Буддын шашинтай хүмүүстэй их олон таарч байсан.Тэгээд тэднээс биеэ хэрхэн авч явдаг талаар олон зүйлийг асууж байлаа. Гэхдээ би Буддын шашныг их өн удаан жилийн түүхтэй, эртний шашин гэдгийг мэднэ ээ. Миний хувьд Буддын сүм хийдийн чимэг болсон бурхдын сэрэг дүрүүд их таалагдсан. Хүүхэд байхад авга ах маань урлагийн түүхийн профессор байсан болохоор би үүнийг их сонирхдог юм. Тэр надад эдгээр сэрэг дүр, хөргүүд ямар учир утгатайг хэлж өгдөг байлаа. Би Гандантэгчэнлин хийд болоод бусад хийдүүдэд очихдоо янз бүрийн билэг тэмдгийн цаад утга санааг их асууж лавладаг. Надад энэ бүхний талаар олж мэдэх нь их сонирхолтой санагддаг. Монгол орны хувьд энэ нь их чухал баяр гэдгийг би мэднэ. Хүмүүс янз бүрээр л баяраа тэмдэглэх байх. АНУ-д ч гэсэн энэ өдрийг тэмдэглэдэг газрууд байдаг. Манайд тийм ч олон Буддын шашинтай хүмүүс байдаггүй. Гэхдээ мэдээж бүх шашныг дээдэлдэг улсын хувьд манай орон бүхий л шашин шүтлэгт цэцэглэн хөгжих боломжийг олгодог юм.  Америкт цар хүрээгээ тэлж байгаа Буддын шашны нийгэмлэгүүд олон бий. Тиймээс тэдгээр газруудад энэ баярыг өргөн тэмдэглэнэ гэж бодож байна. Би хувьдаа Нью-Йоркийн Буддын шашинтнууд нилээд суурьшсан хэсэгт амьдардаг. Тиймээс эх орондоо очихдоо тэр хавиар очих дуртай байдаг юм. Дан ганц Монгол ч гэлтгүй ер нь Буддын шашинтай орнууд надад сонирхолтой санагддаг. Тиймээс эхнэр бид хоёр энэ баярыг ихэд чухалчлан авч үзэж байгаа. Гайхалтай өдөр.

- Та Монгол Америк хүмүүсийн адил төстэй чанарын талаар юу гэж бодож байна?

- Америкчуудыг Монголд ирэх дуртай болгодог олон шалтгааны нэг н: Монголчууд яг л Америкчуудтай адил ардчиллыг эрхэмлэн дээдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсдэгт оршдог юм. Энэ бол улс орон болгоны эрхэм зорилго нь байдаг. Түүнчлэн шашны эрх чөлөө болоод шашны олон урсгалыг эрхэмлэн дээдлэх нь чухал юм. Тийм учраас бид Буддын шашныг шүтэх эрхтэй байдаг юм.

- Америкийн Нэгдсэн Улс нь шашны эрх чөлөөг хүндэтгэдэгээрээ дэлхийд танигдсан улс.

- Яг зөв.

- Монгол дахь шашны эрх чөлөөний талаар та ямар бодолтой байдаг вэ?

- Нэн түрүүнд АНУ шашин шүтэх эрх чөлөөг тэргүүн зорилгоо болгодог гэдгийг хэлмээр байна. Америкчууд үүнийг маш ихээр эрхэмлэн дээдэлдэг. Сонирхолтой нь энэ бүхэн Томас Жефферсоноос үүдэлтэй байдаг юм. Томас Жефферсонд Чингис хааны Нууц товчоо ихээхэн нөлөө үзүүлсэн гэж ярьдаг. Конгрессын номын санд ч энэ ном байдаг юм. Конгрессын номын сан бол дэлхий дээрх хамгийн том номын сан шүү дээ. Тэнд Монголын нууц товчоо байгаа. Томас Жефферсонд яагаад нөлөөлсөн нь шашны эрх чөлөөг дээдлэх санаа нь түүнд ихээхэн таалагдсантай холбоотой юм. Монголын хувьд шашин шүтлэг нь нийгмийн чухал хэсэг байдаг гэж би боддог. Бүх шашин хөгжих боломжийг бүрдүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг бид үргэлж онцолж байдаг. Би хувьдаа Чингис хааны тухай болон тэр цаг үеийн талаар өгүүлдэг Жэк Уэдэерфордын номуудыг их уншиж байсан. Тэдгээр номуудын нэг нь Чингис хаан болон шашин шүтлэгийн тухай өгүүлдэг юм. Тэр энэ номдоо Чингис хаан очсон газар болгондоо шашны асуудлыг хэрхэн шийдэж байсныг тусган бичсэн байдаг юм. Тиймээс миний хувьд хүмүүс хүссэн шашнаа шүтэж, эрх чөлөөтэй залбирах боломжтой байх нь үнэхээр гайхалтай санагддаг. Зөвлөлтийн үед их зөөлнөөр хэлэхэд шашин г шүтэхийг хориглодог байсан гэдгийг маш сайн санаж байна. Түүнээс гадна хэдэн зуун Буддын шашны дуган, хийдийг устгаж байсан гэдгийг би мэднэ ээ. Зарим нэг балгас болсон сүм хийд дээр хүртэл очиж байлаа. Одоо зарим нэгийг нь дахин сэргээж байгааг харах сайхан байна. Бид энэ ажилд хувь нэмрээ оруулж байгаа. Энэ тухай удахгүй  дэлгэрэнгүй ярих байх. Энэ бол түүхийн их гунигтай хэсэг шүү дээ. ЗХУ-д болсон явдалтай их төстэй санагддаг юм. Учир нь Оросын үнэн алдартны шашны сүмийг коммунизмын үед эрдэнэ шиш хадгалах байр болгож байсан гэдэг. Тиймээс энэ бол монголын хувьд их онцгой түүх юм. Тухай үед Монгол улсад шашин шүтэхэд тун хүнд хэцүү байсан гэдгийг би мэднэ ээ. Мөн монголчуудыг хэчнээн их хатуужилтай, тэсвэр тэвчээртэйг эндээс харж болж байна. Шашин шүтэх эрх чөлөөг эргүүлэн авчирч, энэ эрхийг улс орон даяараа эдэлж байгааг харах нь үнэхээр гайхамшигтай юм. Дээрээс нь Монголын түүхийг судлаад зогсохгүй, тэрхүү хүнд хэцүү коммунист үеийн талаар ч мэдэж байхнь их чухал юм. Би Америкчуудад монголчуудын энэ талыг байнга л хэлж байдаг. Монголчууд бол хүнд хэцүүг даван туулсан ард иргэд. Энэ тухай олон сайхан ном бичигдэн гарсан байдаг. Америкчуудын хувьд "Ногоон нүдэн лам" хамгийн шилдэг нь байх. Та тэр номыг мэдэх үү?

- Тэгэлгүй яах вэ.

- Англи хэлээр байдаг учраас бид уншиж чадна шүү дээ. Тэр номд коммунизмын үед шашны хүмүүс болоод лам хуврагуудыг хэрхэн хэлмэгдүүлж, гадуурхаж байсан талаар гардаг. Хүмүүс ер нь өөрсдийн үүх түүхийг судлах нь их чухал гэж би боддог. Эерэг талуудаас нь суралцахаас гадна бас хүнд хэцүү талуудаас нь ч гэсэн суралцах хэрэгтэй. Тэгж чадвал нэгд, одоо байгаа эрх чөлөө эрхэмлэн дээдэлдэг болно. Хоёрт, тийм алдаа дахиж гаргахгүй болно шүү дээ. Энэ бол бүхий л улс орнуудад хамаатай зүйл. Би үүнд бүрэн итгэдэг. Монгол орон мэдээж энэ бүхнээс шашны эрх чөлөөний талаар үнэтэй сургамж авсан болов уу гэж бодож байна. Танай улс надад энэ талаараа их гайхалтай санагддаг даа.

- Үнэн шүү. Томас Жефферсон Виржиниа мужийн хуулийг бичихдээ. Чингис хааны гаргасан хуультай их төстэй ойлголтуудыг тусгасан байдаг.

- За.

- Хүний эрх чөлөөний талаар шүү дээ. Жишээ нь Чингис хаан "Хүн бүр өөрийн санаанд тохирсон шашнаа сонгож болно “ гэж хэлсэн байдаг. Харин Жефферсон "Хүн бүр өөрсдийн үзэл бодлын дагуух шашинд элсэн орж болно" гэсэн байдаг. Ингээд бодохоор Америкчууд бусад орны хууль болон амьдралын зарчмаас  их санаа авдаг юм шиг санагдлаа. Та үүнтэй санал нэг байна уу?

- Би санал нэг байна. Манай орон цагаачдаас бүрддэг. Бид үргэлж л тэгж хэлдэг юм. Гэр бүлийнхэн маань ч гэсэн нэгэн цагт цагаачид байсан.

- Тийм үү?

- Эцэг эх маань Польш улсад төрсөн юм. Эхнэр маань бас цагаач байсан. Тэр Америкт биш Филиппин улсад төрсөн юм. Энэ бол нэг л жишээ. Мэдээж хэрэг бид түүхэндээ... цагаачдаас бүрдсэн улс байсан шүү дээ. Гэхдээ Америкт тогтон суурьшсан тэр цагаачдаас өнөөгийн гайхамшигтай, динамик, баялаг өв соёлтой, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг улс орон бий болсон юм. Динамизм гэж би энийг л хэлээд байгаа юм. Тиймээс Томас Жефферсоны Монголын түүхээс санаа авсан явдал нь үүний нэг тод жишээ юм. Миний түрүүн хэлсэнчлэн, энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн дурсгал учраас одоо хүртэл конгрессын үзэсгэлэнт номын санд хадгалагдаж байдаг юм. Би өөрөө ч номын тавиур дээр нь байхыг харж байлаа. Та ч гэсэн харсан байх. Монголын нууц товчоог тэнд байгааг харах үнэхээр сайхан санагдсан. Гайхалтай шүү. Тийм ээ. АНУ бол олон үндэстэн ястны давуу талуудыг нэгтгэсэн нэгэн соёл юм. Үнэхээр сонирхолтой шүү. Жэк Уэдэрфордын хамгийн анх бичсэн ном  дээр Чингис хааныг олон үндэстэн ястныг нэгтгэсэн тухай бичсэн байдаг. Их олон улс орныг эзэлж байсан учраас аргагүй шүү дээ. Тэгээд тэр бүх өв соёлыг тухайн үеийн Монголд авчран энэхүү гайхалтай хэл соёлын уламжлал, монгол бичгийг бий болгосон гэж бичсэн байсан. Олон орны үүх түүх иймэрхүү замналаар явсан байдаг. АНУ-ын хувьд ч гэсэн ялгаагүй. Монгол орон бас надад үүгээрээ их сонирхолтой санагддаг юм. Монголчууд зан заншлаа хэчнээн их дээдэлдгийг хараад би их гайхширч байсан. Гэхдээ эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн өв уламжлалтай хэдий ч Монголын залуу үеийнхэн гадагшаа явахыг ихэд эрмэлзэж байна. Тэдгээр улсуудын нэг нь АНУ юм. Тэд гадаад оронд суралцсан зүйлээ монголдоо авчирч хэрэгжүүлэхийг хүсэж байна. Тиймээс Монгол орон их динамик улс болсон. Би үүнийг их том давуу тал гэж боддог. Өв уламжлал, динамизм хоёрын нэгдэл ард иргэдэд. их бат бөх үндэс суурь болж өгдөг. Энэ үндэс угсаагаа хүмүүс их дээдэлдэг болов уу гэж бодож байна. Шашин шүтлэг ихэнхдээ ийм л нөлөө үзүүлдэг. Би үүнийг танай улсын бас нэгэн.. авууштай талын нэг гэж бодож байна. Өв уламжлал, ялангуяа залуучуудын дунд ажиглагдаж байгаа динамизм хоёр хоёулаа чухал шүү дээ.

- Баярлалаа. Дараагийн асуултаа асууя. Америкийн элчин сайдын яамнаас  Монгол Улсад хэрэгжүүлж буй соёл хүмүүнлэгийн хөтөлбөрүүдээс дурдана уу ?

- За.

- Монгол Улс язгуур соёлоо маш их дээдэлдэг гэдгийг бид мэднэ. Бид өмнө нь энэ тухай ярьсан шүү дээ. Тийм ч учраас бид үүн дээр тулгуурласан олон хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаа. Бидний хамгийн их бахархдаг хөтөлбөрүүдийн нэг бол Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан юм. Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан нь Төрийн департаментаас явуулж байгаа хөтөлбөр бөгөөд бидэнд ихээхэн хэмжээний мөнгөн хандив олгох боломж олгодог юм. . Би удахгүй хэдэн жишээ дурдана. Энэхүү хөтөлбөр нь тухайн орны өв соёлын тал дээр янз бүрийн байдлаар хувь нэмрээ оруулах боломжийг бидэнд олгодог юм. Монгол Улсын өв соёлын ихэнх нь Буддын шашинтай холбоотой байдаг нь их сонирхолтой санагддаг. Жишээлбэл, бид Амарбаясгалант хийдийн цахилгааны болоод галын дохиоллын системийг шийдэх санхүүжилтийг олгох боломжтой болсон юм. Мэдээж, Амарбаясгалант хийдийн тухайд гэхэд эдгээр систем нь хананд суурилагдсан учраас  өөрчлөлтүүд нүдэн дээр шууд ил харагдахгүй л дээ.

- Тэгэлгүй яах вэ.

- Ингэснээр хийдийг галын аюул болоод хулгай зэлгий гарахаас сэргийлэх боломжтой болсон. Бид үүгээр их бахархаж байгаа. Одоогоор бид энэ хөтөлбөрөөр дамжуулан 1.3 сая долларын санхүүжилтийг Монгол Улсад хийгээд байна.  Бид нийтдээ 20 гаруй соёлын өвийг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлсэн. Зарим нь хэрэгжээд явж байгаа. Нэг улсад иймэрхүү түвшинд, ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдэг их ховор тохиолдол юм. Монголын хувьд соёлын өв болгон хадгалах ёстой гайхалтай газрууд ихтэй учир санхүүжилт хийх нь зүйтэй гэж бодож байна. Түүнээс гадна бид Монгол түншүүдтэйгээ маш сайн хамтран ажилладаг юм. Энэ бүхний ачаар бид эдгээр хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгийг Төрийн департментаас авч чадсан. Би түрүүн Чойжин ламын хийдийн гадаа мод тарьсан тухайгаа ярьсан. Мод тарих бол гайхалтай зүйл. Их бэлгэдлийг илэрхийлж байдаг шүү дээ. Саяхан Дэлхийн хөшөө дурсгалын сан, Монголын урлагийн зөвлөл, Элчин сайдын нэрэмжит  соёлын өвийг хамгаалах сан гэсэн байгууллагууд хамтран 570 сая төгрөгийн санхүүжилттэй сэргээн засварлах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Бид энэ хөтөлбөрийг Ядам сүм дээр хэрэгжүүлнэ.

- Наадам сүм гэсэн үү?

- Ядам.

- Өө. Ойлголоо. Чойжин ламын сүм дахь Ядам сүм.

- Чойжин ламын сүмийн ард хэсэгт байдаг. Хамгийн гайхамшигтай сүмүүдийн нэг. Мөн соёлын өв гэдгээрээ хамгаалагдах ёстой газруудын нэг юм. . Энэхүү төсөл маань удахгүй эхэлнэ гэдэгт би их баяртай байгаа. Энэхүү хөтөлбөр нь бидний Чойжин ламын сүм музейг улам илүү гайхалтай газар болгохыг зорьсон бас нэгэн төсөл байх болно. Би тэнд байнга очдог. Учир нь би тэндээс холгүйхэн амьдардаг юм. Очих бүрд үнэхээр биширмээр  шүү. Энэ төслийг бид нэлээд нэртэй, уран барилгын сэргээн засварлалтын тал дээр мэргэшсэн, Америк мэргэжилтэн авчирснаар эхлүүлсэн юм. Чойжин ламын гайхамшигт сүмийг хараад мэргэжилтэн маань ч их биширсэн. Түүнээс гадна мэргэжилтэн маань соёлын өвийг хамгаалах үүднээс хийгдэх шаардлагатай бүхий л сэргээн босголтын ажлын төлөвлөгөөг гаргасан. Тэр бидэнд их олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Бид энэхүү зөвлөгөө дээр үндэслэн Чойжин ламын музейн удирдлагууд болон Монголын урлагийн зөвлөлтэй хамтран сүмийн барилга хийгээд тус цогцолборын бүхий л хэсгүүдийг хамарсан өөрчлөлтийг хийх гайхалтай ажлын төлөвлөгөөг боловсруулан гаргасан юм. Бид бас миний хамгийн дуртай музейнүүдийн нэг болох Занабазарын музейд дэмжлэг үзүүлсэн. Ялангуяа Буддын шашинтай холбоотой тал дээр. Мөн Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр Амарбаясгалант хийдэд төсөл хэрэгжүүлсэн. Ер нь бид нийтдээ 20 төсөл дээр ажилласан. Энэ төслүүд бүгдээрээ Буддын шашинтай холбоотой биш гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх. Одоогоор бид Монголын даавуун эдлэлийн өв соёлыг хамгаалах тал дээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Бид хэд хэдэн сүмүүдэд үнэхээр гайхалтай эртний даавуун эдлэлүүдийг харсан. Гэхдээ мэдээж хэрэг олон жил хадгалсан эртний эдлэл учир соёлын өв болгон хамгаалах шаардлагатай байсан. Америкийн ихэнх музей энэ тал дээр мэргэшсэн байдаг. Тиймээс бид эдгээр түүхэн дурсгалуудыг хадгалах хамгийн сайн аргуудад Монголын мэргэжилтнүүдийг сургахаар АНУ руу явуулсан юм. Ерөнхийдөө хэрхэн хадгалах талаар нэг нэгнээсээ суралцана гэсэн үг юм. Энэ бидний хийдэг гол зүйлүүдийн нэг. Монгол бичиг бас биднийг их гайхшируулдаг. Зарим нэг хамт ажилладаг хүмүүс маань монгол бичгээр бичиж сурч байгаа.

- Худам монгол бичиг үү?

- Тийм ээ. Би хувьдаа арай ч тэгж зүрхлээгүй байгаа. Би үүнийг их гайхалтай зүйл гэж боддог. Манай гэрт л гэхэд монгол бичгээр бичсэн бичвэрүүд хэд хэд бий.

- Тийм үү?

- Америк ажилтнууд маань үүнийг сурч байгаад би баяртай байна. Бахархах сэтгэл төрж байна. Энэ бол Монголчуудад соёл, уламжлал нь хэчнээн чухал болохыг таньж мэдэж байгаа олон арга замуудын нэг юм. Бид аль болох дэмжиж ажиллахыг л хичээж байна. Энэ тухай арай илүү дэлгэрэнгүй ярья л даа. АНУ-ын хувьд Монгол Улс нь тусгаар тогтносон, хараат бус, эдийн засгийн өсөлттэй, ардчилсан, эрх чөлөөт,  хуулийг чанд дээдэлдэг улс байх нь чухал юм. Эдгээр зүйлүүд нь хийсвэр ойлголт шиг санагдаж байж болох ч соёлын өвийг хамгаалах, үндэс угсаа, өв соёлоо дээдлэх гээд энэ бүхэн маань эргээд дээрх зүйлүүдийг хөгжүүлэхэд маш их үнэтэй хувь нэмэр болж байдаг шүү дээ. Тийм ч учраас бид үүнийг хийж байгаа юм. Энэ бүхнийг хийж байгаа шалтгаан нь Монгол орны өв соёлыг бид хүндэтгэн үзэж, цаашлаад энэ бүхэн маань танай орны ирээдүйд хэчнээн чухал болохыг бүрэн ойлгож байгаатай холбоотой юм. Тийм ч учраас бид хийж байгаа зүйлүүдээрээ ихээхэн бахархдаг юм.

- Монголчууд бидний хувьд Америкийн Нэгдсэн Улс бол манай гуравдагч хөрш ба стратегийн түнш гэж үздэг. 2019 онд АНУ болон Монгол Улсын хооронд стратегийн түншлэлийн гэрээ байгуулагдсан. Та энэ талаар монголчуудтай хамтран ажиллаж буй ажлаасаа дурьдана уу? .

- Ийм асуулт асууж байгаад баярлалаа. Би  Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурахад  байлцсан. Энэ тухай  дэлгэрэнгүй ярьсан нь дээр байх. Манай хоёр орон  их бат бөх харилцаатай байсаар ирсэн. Монгол улс ардчиллын замыг сонгож, хууль ёс, эрх чөлөөг дээдэлж эхэлсэн цагаас энэ харилцаа эхэлсэн. Мөн манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсон цагаас ч эхэлсэн гэж хэлж болно. Бид үргэлж бат бөх харилцаатай байсаар ирсэн. Америкчууд ардчиллыг дээдэлдэг ард түмэн учраас ардчиллын замыг сонгосон орнуудтай бат бөх харилцаа үүсгэхийг хүсдэг юм. Бусад ардчилсан орнуудтай ч гэсэн түншлэлийн гэрээ байгуулж, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байдаг. Нөгөөтэйгүүр хоёр жилийн өмнө стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан нь энэхүү харилцааг өргөжүүлэх бас нэгэн алхам болсон юм. Гэхдээ таны зөв өө. Сүүлийн хоёр жил, хоёр орны хоорондын харилцаа өргөжин тэлж байх үеэр элчин сайдаар ажиллаж байгаа нь миний хувьд азтай хувь тохиол болж байна. Бид харилцаагаа их олон талаар өргөжүүлсэн. Мэдээж соёл уламжлалыг дэмжих нь үүний нэг жишээ юм. Би өмнө нь хийж байгаа өв соёлыг хамгаалах хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулсан. Гэхдээ энэ бол бидний хийж байгаа ажлуудын нэгээхэн хэсэг юм. Бид Монгол Улс дахь ардчилал болоод сайн засаглалыг дэмжих зорилгоор их олон тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Бид үүнийг нэн чухал гэж үздэг. Дахин  хэлэхэд, энэ бүхэн маань бид бүх зүйлийг учрыг олчихсон гэсэн үг биш юм. Бид ч гэсэн ардчиллын хувьд адилхан бэрхшээлүүдтэй тулгарч байдаг. Ардчилал бол динамик, байнга хувьсан өөрчлөгдөж, үргэлж шинэ сорилтуудыг гарган ирдэг тогтолцоо юм. Энэ талаараа манай хоёр орон их адилхан. Бид нэг нэгнээсээ суралцах хэрэгтэй. Бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан та бүхнээс суралцахыг хичээж байна. Мөн туршлагаасаа хуваалцахын төлөө ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь.... Энэхүү стратегийн түншлэлийн нэг тод жишээ нь "USAID" буюу Олон улсын хөгжлийн агентлаг сүүлийн жил хагасын турш цар хүрээгээ өргөжүүлсэнтэй холбоотой юм. USAID бол АНУ-аас гадаад орнуудын хөгжилд дэмжлэг үзүүлдэг дэлхийд нэр хүнтэй байгууллага гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Манай Элчин сайдын яаманд USAID-ийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа. Манай USAID-ийн их туршлагатай удирдах албаны ажилтан захирлаар нь ажилладаг. Бид USAID-ийн тал дээр их олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Бид үүгээрээ ихээхэн бахархдаг. Эдийн засгийн түншлэл бол бидний хувьд маш чухал юм. Бид харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Бид Монгол Улсын ноолуурын салбарыг дэмжих тал дээр хамтран ажиллаж байгаа. Эдийн засгийн хараат бус байдал болоод улс төрийн тусгаар тогтнол нь Монгол Улсын хувьд ямар чухал болохыг бид сайн ойлгож байгаа. Тиймээс бид Монгол Улсыг эдийн засгийн хувьд хараат бус байлгахын төлөө хичээж ажиллаж байна. Хууль сахиулах тал дээр ч гэсэн дэмжлэг үзүүлж байгаа. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд бид АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүдийг Монголын цагдаагийн байгууллагатай хар тамхитай тэмцэх болоод бусад олон тал дээр туршлага хуваалцан ажиллуулах зорилгоор авчирч байна. Энэ бол манай хоёр орны хувьд их чухал салбар юм. Энэ бол бидний бас нэгэн хамтын ажиллагааны нэг жишээ юм. Мөн өв соёлын хамгаалахаас гадна бас нэгэн томоохон зорилго маань Монголчуудад Англи хэлний мэдлэг олгох юм. Монголчууд англи хэлийг сурах асар их хүсэл эрмэлзэл байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Таныг англи хэлээр сайн ярьж байгаад чинь баяр хүргэе. Энд англи хэлний гайхамшигтай монгол багш нар байдгийг бид мэднэ ээ. Хоёр өдрийн өмнө бид заах ур чадварын сургалтад суусан зуу зуун монгол багш нартаа шагнал, гэрчилгээ олгосон. Харамсалтай нь, биеэр очиж болохгүй учраас онлайнаар олгох хэрэгтэй болсон юм. Тэгэхээр энэ бол бас нэгэн чухал их салбар юм. Бид хийсэн ажлаараа бахархаж байгаа. Мөн мэдээж хэрэг АНУ-д суралцах хүсэлтэй Монгол оюутан залуусыг бид үргэлж дэмжсээр ирсэн. Дэлхийн бусад орнуудыг бодвол энэ талаар жаахан хоцрогдож байгаа ч... Бид АНУ-д сурахыг хүсэж байгаа Монгол оюутнуудад зориулсан хөтөлбөрүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа. Онлайн хичээлүүдийг ч зохион байгуулж байна. Түүнээс гадна бид манай соёл, боловсролын байгууллагууд болох Америкийн булангуудыг орон даяар нээж байгаа. Улаанбаатарыг оролцуулаад дөрвөн хотод нээгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатарт бол хотын номын санд байдаг. Циркийн хажууд. Би тэр газрыг сайн мэднэ. Дээрээс нь Сайншанд, Увс...бусдыг нь сайн санахгүй байна. Ямартай ч бид удахгүй тав дахь Америкийн булангаа Дархан хотод нээхээр төлөвлөж байна. Бид үүнд их баяртай байгаа. Эдгээр Америкийн булангуудад бид лекц уншиж, Америк орны талаар танилцуулах олон сонирхолтой хөтөлбөрүүдийг явуулдаг юм. Бидэнд иймэрхүү газрууд байгаа нь их чухал. Тиймдээ ч стратегийн түншлэлийн хүрээнд бид эдгээр булангуудыг аль болох олон газар нээхийг зорьж байна. Энэ бол манай хоёр орны хоорондох стратегийн түншлэлийн бас нэгэн жишээ юм. Хамгийн гол нь эдгээр зүйлс нь их практик зүйлүүд байгаад би их баяртай байгаа. Эдгээр нь зүгээр ч нэг яриад өнгөрөх биш... Бодит амьдрал дээр илт хэрэгжиж байгаа зүйлүүд юм.

- Баярлалаа. Бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа.

- Баярлалаа.

- Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Тиймээс сүүлчийн асуултаа танд үлдээе. Танд бидэнтэй хуваалцахыг хүсэж байгаа өөр зүйлүүд байвал хэлж болно шүү.

- Баярлалаа. Маш их баярлалаа. Өмнө хэлсэнчлэн танай улс надад хэчнээн их таалагдаж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Ялангуяа Монгол орны үүх түүх, соёл урлаг миний сонирхлыг ихэд татдаг юм. Энд байх дуртай олон шалтгаануудын маань нэг гэхэд болно. Манай эхнэрийн хувьд ч гэсэн адилхан. Тэр энд байх их дуртай. Цагийг гайхалтай өнгөрөөдөг. Би үүнийг өргөжин дэвших цаг гэж харж байгаа. Мэдээж хэрэг өнгөрөгч жил бид их хүнд цаг үеийг даван тууллаа. Гэсэн хэдий ч бид олон гайхалтай зүйлийг хийж чадсан. Гэртээ байх хугацаандаа би Монголын уран зохиолыг англи хэл дээр их уншсан. Одоохондоо Монгол хэлээр уншиж чадахгүй байгаа л даа. Би Мэнд-Ооёогийн зохиолоос уншсан. Одоогоор Данзанравжаагийн тухай номыг нь дахин уншиж байна. Миний хувьд бол тэр их гайхалтай хүн шиг санагддаг.

- Тэр лам хүн байсан.

- Тийм ээ. Бид бас өв соёлыг хамгаалах хүрээнд Данзанравжаагийн музейд туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Миний хувьд тэнд очсон нь нэр төрийн хэрэг болсон. Ямартай ч би  Монгол уран зохиолоос нилээд хэдийг олж уншсан. Заримдаа... их сайхан орчуулчихсан байдаг юм. Надад бол үнэхээр их таалагдаж байгаа. Эцэст нь хэлэхэд бүгдэд нь баярын мэндийг хүргэж байна.  Шашны эрх чөлөөг дээдлэх болоод өв соёл, уламжлалаа хүндэтгэн үзэх тал дээр АНУ та бүхэнтэй хамт байна. Мөн хоёр орны хоорондох харилцаа болоод... ..ард иргэдийн маань хоорондох харилцаа бидний хувьд ихээхэн үнэ цэнтэй юм. Би үүнийг хувьдаа их чухал зүйл гэж бодож байна. Учир нь дан ганц засгийн газрууд хамтдаа байгаа юм биш... ...хоёр орны иргэд ч бас хамт байгаа юм шүү дээ. Тиймээс та бүхэнд маш их баярлалаа. Тантай ярилцахад таатай байлаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна.

- Баярлалаа.

- Маш их баярлалаа.

- Бидний урилгыг хүлээн авч манай үзэгчидтэй уулзсан танд маш их баярлалаа.

- Баярлалаа.