“БИ” ҮГҮЙГ ЭРГЭЦҮҮЛЭХ (хэрхэн бясалгах вэ VI)
Буддизмд миниймхийлэн барих үзэл эсвэл “би”-г бүх зовлонгийн сурвалж гэж үздэг. Энгийнээр тодорхойлбол үүнийг хувь хүний сэтгэл зүй, гэр бүл, албан ажил, нийгмийн харилцаа зэрэгт тод илэрдэг өмчлөлийн тухай гажигтай ойлголт гэж үзэж болно.
Хүн төрөлхтний түүхэн дэх их сүйрлийг дагуулсан дайн тулаануудын цаад шалтгаан нь өмчийн статусаа хамгаалах, өргөжүүлэх гэсэн зорилгуудтай холбоотой байдаг. Хүн зарим мателиаллаг эд зүйлсийг өмчилж болох ч ёс зүйн хувьд өмчилж болохгүй тодорхой зүйлс бий. Эднийг ялгаж салгаж ойлгоогүйгээс хүний үйлдэл ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрдэг.
Өмчлөлийн тухай гажигтай ойлголтод хүний бие сэтгэл, гэр бүл, албан газар, нийгмийн хүрээний олон төрөл зүйлүүд хамаарах тул том асуудал дагуулсан сэдэв мөн. Жишээлбэл, хүн өөрт таалагддаггүй үгийг бусдаас сонсоод гомдсон, гутарсан, шаналсан, уурласан, үзэн ядсан сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн тааламжгүй мэдрэмжээ ихэвчлэн “миний сэтгэл рүү хүйтэн ус цацсан” “сэтгэл эмтэлсэн”, “бул хар чулуу шиг хар юм дарсан”, “сэтгэл сэмрүүлсэн” гэх мэтээр сэтгэлийн хямралыг материаллаг эвдрэлтэй холбож ойлгодог.
Тэгвэл одоо бүгдээрээ нөхцөл байдлыг илүү бодитоор шинжилж үзье. Юуны өмнө сэтгэл гэж юу вэ гэдэг асуултанд хариулахыг оролдъё. Өмнө өгүүлсэнчлэн сэтгэл физик биегүй зүйл тул урагдахгүй, зүсэгдэхгүй, эмтрэхгүй, хагарахгүй, хүндрэхгүй нь тодорхой.
Тэгвэл хүн яагаад гомдсон, гутарсан, шаналсан, уурласан, үзэн ядсанаас улбаатай бодлоо удаан хугацаанд тээж, өөрийгөө зүдрээхээс гадна хажуудаа байдаг хүмүүсийг давхар стрессдүүлдэг юм бэ?
Учир шалтгааныг эрэлхийлж шийдэл гаргахын оронд “би” гэдэг тодорхойгүй, хийсвэр өмчөө алдахаас айж хамгаалалтын механизмаа шууд ажиллуулдаг адгууслаг хандлагаа ил гаргадаг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байгаа юм бишүү?
Ер нь гомдол, гутрал, шаналал, уур, үзэн ядалт зэрэг яаж илэрдэг юм? Физик хэлбэрээр үү, эсвэл өөр хэлбэрээр үү? Өөр хэлбэрээр бол ямар байж болох вэ? эдгээр асуултуудыг логикоор эргэцүүлж үзэхэд дээр дурдагдсан сэтгэлийн хөдлөлүүд “яг энд байна” гэх юмуу эсвэл сэтгэлийг “ингэж” бас “тэгж” урагдаж, зүсэгдэж, эмтэрч, хагарч гэж үзүүлчхээр зүйл огт байдаггүй.
Харин хаана, ямар байдалтай оршдог нь мэдэгдэхгүй өнөөх “би”-гээ алдахаас айсан, түүнийг хамгаалах гэсэн зовнил, түгшүүр л биднийг бусдын санаатай ба санамсаргүй хэлсэн таагүй үгнээс хэд дахин илүү өвтгөж зовоодог нь гашуун үнэн.
Дээрх тохиолдолд орохдоо хүмүүс нөхцөл байдлыг бодитоор үнэлж шийдэл гаргах чадвараа алддаг бөгөөд улмаар жижиг, том маргааныг даамжруулснаар хувь хүн өөрөө стресстэх, гутрах, дотны хүмүүстэйгээ харилцах харилцаандаа сэв суулгаж, улмаар бусдыг үзэн ядах хэмжээнд хүртэл очдог.
Ер нь хүн ихэнхдээ “би” айж байна, “би” ичиж байна, “би” гутарч байна, “би” уурлаж байна, “би” үзэн ядаж байна, “би” шаналж байна, эсвэл “намайг” үзэн ядлаа, “намайг” доромжиллоо, “намайг” гутаалаа гэсэн өөрийгөө энхрийлэх хандлагаар зовлонгоо улам нэмдэг бөгөөд бусдад ч ил ба далд дарамт учруулдаг.
“Би”-г энхрийлж түүнээс үүдэн гарах хөөрөл, гутралд оруулдаг сэтгэлийн хортой төлөвүүдэд хэдий чинээ автана, тэр хэмжээгээр сэтгэл зүй болон бие махбодод зохиомол гажилт үүсдгийг хүн өөрөө заавал шалгаж, анзаарч үзүүштэй. Ингэж оюун шинжлэл хийвэл уг сэтгэхүйн гажигаас өөрийгөө хамгаалж чадах нь гарцаагүй.
Одоо өмчлөлийн тухай гажигтай ойлголт гэр бүлд хэрхэн илэрдэг талаар авч үзье. 1990-ээд оны дунд хүртэл ахлах ангид сурч байсан сурагчдын хувьд дурсгалын дэвтэр гэж нандин зүйл байв. Ахлах ангийн сурагчид энэ дэвтэрт хэн хэнийг хайрлаж явдаг, ирээдүйд тэр хүнтэйгээ хэрхэн сайхан амьдрах, олон жилийн дараа ангиараа цуглахад ямар дүр зураг гарах талаар гэгээлэг хүсэл мөрөөдлөө бүгд бичиж үлдээдэг.
Тэгвэл хайрлаж хүндэтгэж явсан хүнтэйгээ гэрлэж мөрөөдлөө биелүүлсэн азтай зарим нь цаад хүнээ дурсамжийн дэвтэртээ бичсэн шигээ жаргааж, аз жаргалтай амьдруулж чадаж байна уу?
Эсвэл хүнд дурлаж гэрлэх санал тавьж болзож байхдаа хэлж байсан гэгээлэг үгнүүдээ өнөө хүртэл амьдралд хэрэгжүүлж чадаж байгаа хүн хэр олон байдаг бол?
Ахлах ангийн хүүхдүүд дурсгалын дэвтэрт харж явдаг хөвгүүн, охиноо баярлуулах, жаргаах талаар бичсэн байдаг шиг насанд хүрсэн залуучууд сэтгэлтэй хүндээ гэрлэх санал тавихдаа насан үүрд хайрлах, хүндлэх, амьдралын зовлон жаргалыг хамт туулах амлалт өгдөг.
Гэтэл гэрлэлтээ батлуулсны дараа, зарим нь бүр батлуулахаасаа ч өмнө хардах, харамлах, хянах, гомдоох, уурлах, үзэн ядах, доромжлох, түрэмгийлэх, хүч хэрэглэх зэргээр нөгөөх өмчлөлийн хандлагаа ил гаргаж эхэлдэг тохиолдол хүний амьдралд олонтоо ажиглагддаг.
Түүнчлэн бид бүгдээрээ хэн нэгний “Би үр хүүхдийнхээ толгойг мэднэ” гэж хэлэхийг сонсож байсан болов уу. Ийм хандлагатай эцэг, эх үр хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг сонсох, хүндэтгэх, урам өгч улам хөгжүүлэх хүсэлгүй байдаг бөгөөд зөвхөн өөрийнхөө зөв гэж бодсон ягшмал үзлээ тулгаж шаардлага тавьдаг.
Үүнийг ч мөн өмчлөлийн гажигтай ойлголт гэж хэлж болно. Эд хогшлыг яаж ч өмчилж болох ч оюун ухаант хүнийг өмчлөх гэж оролдох нь өөрт ч, бусдад ч асар их дарамт болдог. Оюун ухаант хүн гэлтгүй адгуус амьтдын аз жаргал, амар тайван байдал эрх чөлөөнд суурилсан байдаг.
Тэгвэл өмчлөлийн энэхүү гажигтай хандлага нь нэгийг нь эзэн харин бусдыг нь өмч мэт болгож, нэгнийх нь эрхийг хязгааргүй нээж, бусдынх нь эрхийг шууд үгүйсгэдэг. Энэ шударга бус байдал гэр бүлийн дотор үл итгэх, үл хүлээн зөвшөөрөх, үл хүндэтгэх, эсэргүүцэх, тэмцэлдэх зэрэг олон зөрчилдөөнийг бий болгодог.
Хүмүүст “би” үгүйн талаар тайлбарлахад “Миний эхнэр, нөхөр, миний хүүхэд биш юм уу? Тэгвэл миний хувьд тэд хэн юм бэ? Би яах ёстой вэ?” гэсэн асуултыг тавьдаг. Юуны өмнө танд яавал дээр санагдаж байна?
Харин миний зүгээс тэднийг өөртөө өмчлөх гэж оролдохын оронд тэдний сайн сайхны төлөө өөрийгөө зориул, ёс зүйгээр манлайл, болзолгүй энэрч хайрла, байгаагаар нь хүлээн зөвшөөр, цэцгийн үр шиг соёолох, ургах бүх боломжийг олго гэж л хэлдэг.
Ингэж чадвал хариуд нь өмчлөлөөс үүдэлтэй таны сэтгэлийн бүх зовиур, шаналал арилах нь гарцаагүй. Аз жаргалтай амьдруулна гэж үүнийг л хэлэх биз. Нөгөө талаас нь үзвэл хамгийн эрхэм хүмүүсээ аз жаргалтай байхыг харна гэдэг ухамсарт хүний хүртэж болох хамгийн сайхан мэдрэмж мөн.
Карл Линнеаусын тодорхойлсноор homo sapiens гэдэг нэршил нь латин хэлээр оюун ухаант хүн гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тодруулбал бие хүн гэдгээс илүү ажиглах, судлах, үнэлэл дүгнэлт хийх, шийдэл олох сэтгэл зүйн чадварыг нь илэрхийлж байгаа билээ.
Тиймээс оюун ухаант хүмүүс бид сэтгэлийн хөөрөл, гутралд автаж өөрт болон өрөөл бусдад дарамт болохын оронд өөртөө үнэнч хандаж, өөрийнхөө сэтгэл зүйгээ шинжлэх чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.
Одоо та өөрт тухтай байдлаар суугаад бясалгалынхаа тунг гурван минутаар тохируулан бясалгахад бэлдээрэй. Ингээд “би” үгүйг дараах байдлаар бодож бясалгаарай.
“Миний сэтгэлийн анхаарлын тэнцвэртэй байдлыг алдагдуулж бие махбодыг хямраадаг уурлах, үзэн ядах, хардах, итгэл алдрах, сэжиглэх, дургуйцэх, шарлахах, гуниглах, гутрах, цөхрөх, айх, түгших, зовних, ганцаардах, харамсах гэх мэт сэтгэлийн сөрөг хөдөлгөөнүүд яг ямаршуухан зүйлс байдаг юм бол? Тэд жинхэнээсээ байдаг уу? Байдаг бол хаана хэрхэн байрладаг вэ? Толгойн хэсэгт үү эсвэл цээжний хэсэгт үү? Толгойд байдаг бол тархины аль хэсэгт нь ямар бүтэцтэй байдаг вэ?”
Энэ мэтчилэн өөрийн сэтгэлийг хайж үзээрэй. Бодитой биетэй зүйл олдохгүй л болов уу. Чингис хаан тоогоор илүү дайсантай тулалдахын өмнө хүн бүр таван түүдэг гал гаргаж дайснаа самгардуулах тактик барьж дайсныхаа сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байсан байдаг. Энэ мэт тэр гэж аваад үзэх бодит мөн чанаргүй зүйлийг яг бодитой байдаг мэт хийсвэрлэсэн бодолдоо л төөрөлдөөд зүдэрдэг юм биш байгаа, бид?
Хэн нэг нь халбага эсвэл сэрээ залгичихсан байна гэж бодъё. Тэгвэл тэр зүйлийг хагалгаа хийж биеэс гаргаж авах хүртэл энэ нь их таагүй (бодитой өвдөлтийг) мэдрэмж төрүүлэх байх. Халбага өөрөө хэлбэртэй матери, тодорхой масстай тул биеийн эд эсэд бодитой нөлөөлнө.
Харин дээр дурдсан сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд халбагатай адилхан физик биетэй гэж үү? Үгүй. Харамсалтай нь энэ мэт ажиглан шинжлэх оюун дутсан хүнд хийсвэр “би”-д суурилсан сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд халбага залгиснаас үүдэлтэй таагүй мэдрэмжээс хэдэн арав дахин их зовлонг амсуулдаг нь гашуун үнэн билээ.
Энэ нь хэдийгээр буддын шүтэн барилдлага, хоосон чанарын сургаал асар нарийн боловч орчин цагийн сэтгэл судлаач, засалч нарын түгээмэл хэрэглэдэг, сэтгэл зүйн дарамт, стресс, гутралыг эмнэх үр дүнтэй бясалгалын арга болдог.