АЖИГЛАН ШИНЖЛЭХ БЯСАЛГАЛЫН ТУХАЙ
Тогтоон төвлөрөх бясалгал анхаарлыг тухайлсан аргаар тогтоож, сэтгэлийн олон хөдөлгөөнөөс ангижруулснаар сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг буй болгож, сэтгэлийн угийн тогтуун төлөвийг улам бүр нээх тухай байдаг бол ажиглан шинжлэх бясалгал нь амар амгалан болон зовлон зүдгүүрийн уг шалтгааныг танин мэдэх, юмс үзэгдлийн мөн чанарыг бодитоор ухаарах, энэрэл нигүүлслийг хөгжүүлэх зэргээр хүний сэтгэлийн танин мэдэхүйн чанарыг төгөлдөршүүлэхэд чиглэсэн байдаг.
Ажиглан шинжлэх бясалгал нь үлэмж үзэхүй бясалгалын суурь бөгөөд эдүгээ барууны хүмүүс өөрсдийнхөө сэтгэхүй, ахуйн онцлогт тохируулан шашнаас ангид хэлбэрээр суралцаад удаж байна.
Энэ төрлийн бясалгалаар тогтмол хичээллэх нь уураг тархийг хөгжүүлэх, эрүүл байлгах, цаашлаад өнөөг хүртэл анагаахын шинжлэх ухаанд эмчилгээ нь нэвтрээгүй байгаа альцгеймер өвчнөөс сэргийлэхэд их нөлөөтэй болохыг Америкийн нэгдсэн улсын Үндэсний эрүүл мэндийн институтын олон нийтлэлд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр иш татсан байдаг.
1990 онд ардчилсан нийгэм байгуулагдаж, шашин шүтэх эрх чөлөө тунхаглагдсан. Энэ үеэс буддын шашны уламжлалт сүм хийдүүд сэргэж, олон газар хурал номын үйл ажиллагаа нээгдэхэд хүмүүс залбирах, мөргөх, үзэх, сонжих байдлаар ихээр очиж байсан билээ. Хурал ном хурж байгаа бүх хүмүүс нь 1937 оноос өмнө лам байж байгаад коммунизмын үед энгийн дүртэй ажил төрөл эрхэлж байсан нас дээр гарсан лам өвгөчүүд байсныг хүн бүхэн мэднэ.
Тэр үеийн хүмүүс тэдгээр лам нараас адис авах, ном уншуулах, зурхай зуруулах, төлөг тавиулах, тан залах, ном заалгах гэх мэтчилэнгийн олон шалтгаанаар уулзаж оюун санааныхаа эгээрлийг хангаж байсан. Харин тэр үеийн хүмүүсийн төдийлөн анзаараагүй нэг зүйл бол тэдгээр лам өвгөчүүдийн ой санамж нь хурц, оюун санаа нь харьцуулшгүй тунгалаг, бодлууд нь дэс дараатай, хэлж өгүүлэхдээ логиктой байдаг байсан.
Харин тухайн үеийн нийгмийн сэхээтний төлөөлөл, намын гишүүн, оюунлаг, боловсролтой гэгдэж байсан олон хүн насны эцэст аргиж, оюуных нь чадамж доройтож балчир хүүхдүүд шиг аягладаг байсан. Монголчууд энэ оюуны чадамж доройтох шинжийг зөнөглөх гэж нэрлэдэг.
Хүний утга учиртай амьдарсан эсэхийг үхлийн өмнөх агшинг хэрхэн хүлээж авч байгаагаар нь тодорхойлж болдог гэдэг. Тэгвэл лам хүмүүс тэр агшныг хэзээ ирэхийг мэддэг, сэтгэл зүйн бэлтгэлээ хийдэг, бодлоо цэгцэлдэг гэх мэтээр өөрсдийгөө бүрэн удирдаж, үхэл хэмээх дээсийг түүртэх зүйлгүйгээр давж чаддаг байсан нь гайхалтай биш гэж үү? Үүнээс үзэхүл тэд энэ хорвоод утга учиртай буюу амар тайван амьдраад эцэст нь түгээмэл үхэл мөнх бусын жам ёсыг тайвнаар хүлээн авдаг байсан байна. Харин хүн бүр ингэж чадах билүү?
Лам хүмүүс оюун санааны хувьд хөгширдөггүй байсны шалтгаан их энгийн. Энэ нь тэдний тогтмол ажиглан шинжлэх бясалгалыг хийдэг байсантай холбоотой. Өглөөнөөс үдэш хүртэлх хугацаанд тогтмол цагуудад аврал итгэл одуулах, бодлын төлөвөө ажиглах, буян нүгэл, үйлийн үр, үхэл мөнх бус, шүтэн барилдлага, хоосон чанар, бодь сэтгэл зэргийг бодож бясалгаж байсны үр дүнд ертөнцийн муу бодлуудаас сэтгэлээ хамгаалж, оюуны танин мэдэхүйн чадвараа хөгжүүлж байжээ. Энэ сэтгэл зүйн зөв, эерэг дадал зуршлууд нь тэдний уураг тархины хөгшрөлтийг зогсоож, эрүүлээр сэтгэх нөхцөлөөр хангаж байсан байна.
Тэдгээр бясалгагдхуунууд нь бүгд Бурхан багшийн 2600 жилийн өмнө номлосон сургаал хэдий ч өнөөгийн шинжлэх ухаан, техникийн дэвшлийн эрин зуунд ч үнэ цэнтэй хэвээрээ л байна. Чухамдаа сөрөг муу бодлууд хөгширдөггүй болохоор тэдгээрийг арилгах дээдийн ном хэзээ ч хоцрогдохгүй болов уу.
Тэгвэл сэтгэлийн амар амгаланг тодруулагч, эрүүл сэтгэхүйг хөгжүүлэгч буюу сэтгэлийн эрх чөлөөг хөхүүлэгч буддын гүн ухааны тэдгээр сонгодог бясалгалуудыг өнөөгийн хүмүүс юу гэж ойлгодог вэ?
Харамсалтай нь, олонх нь шашны зан үйл гэж харахаас хэтэрдэггүй. Тэдгээрийг шашин гэж харсан хүнд буддын сэтгэл судлал гэж харах чадвар дутна. Тиймээс үүнд суралцаж, стресс, гутралынхаа шалтгааныг бодитоор тодорхойлж, сэтгэлээ засах шийдэл олж чадахгүй үлддэг. Буддизмыг шашин гэж харахаасаа илүүтэйгээр сэтгэл судлал гэж харж, түүнээс хэрэгтэй зүйлсээ олж авч амьдралдаа хэрэгжүүлэх нь өнөөгийн үймцээнт нийгэмд чухал шаардлагатай байгаа.
Огт өөр шашин соёлтой барууны өндөр хөгжилтэй орнуудад буддизмыг зөвхөн шашин бус харин гүн ухаан, шинжлэх ухаан гэдэг талаас нь давхар харж судлан өдөр тутмын амьдралдаа нутагшуулж эхэлсэн. Жишээлбэл, Их Британид 380 гаруй бага сургуулийн хөтөлбөрт бясалгалын энгийн арга техникүүдийг хичээл болгон оруулсан бол Канадад сэтгэл зүйн тайтгарал өгөх зорилгоор эргүүлийн цагдаа нарыг үүрэгт ажилдаа гарахын өмнө болон буусны дараа буддын ламаар бясалгал хөтлүүлдэг болжээ.
Мөн Их Британий Оксфордын их сургуулийн дэргэдэх сэтгэл заслын төвд амарлин ахуйн бясалгалыг хөтөлбөртөө оруулсан ба Америкийн нэгдсэн улсын Солт Лейк хотын христын шашны нэг сүмээс гадна өөр олон сүмд итгэгч нарынх нь хүсэлтээр бясалгал нэвтрүүлсэн байх юм.
Мөн Итали улсад 2020 оны сүүлээр нээгдэх олон улсын бясалгалын төв байгуулагдаж байгаа ба энд сэтгэл судлал, тархи, мэдрэл судлал, буддын судлалаар дэлхийд тэргүүлэх европ, америкийн эрдэмтэд, судлаачид хамтран бясалгалаас уураг тархинд үзүүлэх нөлөөллийг лабораторийн түвшинд судлахаар хөтөлбөр боловсруулж дуусч байна.
Сонирхуулахад, энэ хөтөлбөрийг бясалгалын Др.Алан Валлас багш удирдаж байгаа нь бясалгалд зорьсон бидний хувьд сайхан боломж гарч байгаа хэрэг билээ.