Умзад Ишжамц гуай.
Ишжамц гуай бол Ховдын Шар сүмийн хүн. Нутгийнхаа Жүд дацанд 12 настай ороод таван жил болоод умзад болж байсан юм гэнэ лээ. Дашчойнпэл нээгдэхээс өмнө Гандангийн лам нарын байр болох хуучин шашны сургууль байсан хоёр давхар байшингийн доод давхарт жижиг өрөөнд суухаас эхлээд мэдэх билээ Ишжамц гуайгаа. Намайг хүүхэд байхад хүнсний зуугийн хойхно зун квас зардаг ёнгос байдаг байлаа. Тэнд анх харж билээ.
Дашчойнпэлийн умзадаар олон жил суусаан. Сонин болгож нэг зүйл ярья. Домог мэт яригддаг тарган лхарамба Дарма Лочэн бүрүлгү 1900 -аад оны эхээр Шар сүмд морилсон тухай бодит баримт Ишжамц гуай надад мэдүүлсэн юм. 2003 онд удаах дүрийн Дэма Лочой багш морилж номын хур буулгав аа. Орчуулагчаар нь манай Гантөмөр гавж байв. Би Чодэн ренбуучийн айлдварыг орчуулж байв. Тэгэхэд Ямандагын ван анх орчуулах гэж ихээхэн тэвдэж билээ. Вангийн дараа манай Дашчойнпэл дацангийн дархан умзад Ишжамц гуай "Би Дарам Лочэн лхаарамбад тусгайлан бараалхмаар байна чи орчуулж өг" гэж байна. Дацанд ном шүүлгэж цээжлээгүй бол чихээ дүнгэнэтэл алгадуулж явсан би "тэгье умзад гуай" гэхээс өөр үг хэлэх эрхгүй.
Ингээд бид хоёр Бэтүв хийд дээр хамт очлоо. Умзад гуай гурав мөргөж хадгаа бариад гэнэт өврөөсөө нэг зураг гаргаж "Энэ танай зураг" гэв. Лочэн багш сайтар ажигласнаа мишээн миний гү гомайн / дээд дүрийн/ хөрөг байна та мэдэх юм уу гэсэнд Ишжамц гуай: -" Биднийг жаахан хүүхэд байхад танай дүр Шар сүмд заларч.. Их том лагшинтай лам гадаа сандал дээр морилж байхад хүүхдүүд бид сонирхон тойрч зогстол бидэн рүү "аа" хэмээн гараа өргөн босч ирэхэд бид ухарч гүйгээд, хадан дээр таварцаглан унасанд та их инээж билээ.. Тийм ээ... " гэлээ. Унзад гуай - "Та тэгсэн , -танай дүр" гээд л яг урьд дүрийн ламтай уулзаж байгаа шиг л ярьж байж билээ.
Идгаад Лочэн багш Сандуйн ван айлдах үеэр даган дуурайх үесийн номыг уншаад зогсоход Ишжамц гуай цааш үргэлжлүүлэн чанга чанга уншсанд / чих хатуутай аа унзад гуай/, Лочэн багш монгол лам нар ийм байдаг юм бүх жүд цээжтэй гэж бахархан айлдаж байж билээ.
1995 оны намар даа. Бид Энэтхэгт Гоманд сурахаар болж хөөрцөглөн тухайн үеийн тамгын лам Тэрбиш гуайн өрөөнд бичиг цаас болж байтал умзад гуай орж ирээд нэг нэг доллар бидэнд өглөө. Буланд нэлээд шахаж зогсоод "би чамд их хайртай, эд нарт нэг нэг дойлуур өгсөн, чамд хоёрыг өглөө, ном л сайн үзээрэй чи" гээд бүгд сонсохоор хэлж бид инээлдэж билээ. Чих нь хатуу болохоор чанга ярина л даа умзад гуай.
Тэднээсээ айж эмээж бас тэднийгээ ч сандаргаж явсан, эгшиг зарлигийг нь сонсож явсан олон буянтай дээдэс лам нар минь бурхны орондоо заларч дээ.
Гавж Д. Лувсанжамц, 2022 оны 5-р сарын найман.Гандантэгчэнлин хийд.