Гэсгүй Гончиг гуай.
Хуучны Дашчойнпэл дацангаас үлдсэн цөөхөн гяргачуудын нэг бол Гончиг гэсгүй гуай. Сартуулын хүн. Дашчойнпэлийн цуутай мэргэд дээдэс лам нар болох Шүтээний Доржбал гуай, анги Жанчүвсэмба гуай нарын шавь гэдэгсэн.
Гандан дуганд баруун мөрний дээр суух бөгөөд миний багштай их дотно байх тул би хүүхэд байхын л Гончиг гэсгүй гуайтай ойр байлаа. Учир нь човонбо нарын суудал баруун мөрний эх хавьд байдаг юм.
1991 онд Дашчойнпэл дахин сэргэж нээгдээд хүүхдүүд авч би ч Дагважанцан шунлайв, Гончиг гэсгүй, Ишжамц унзад гуай нараа бараадаж Цогчэнгоос Дашчойнпэлд очсон юм. Гол нь багш маань чойрын номыг л үзвэл бурханы номын оройд хүрдэг гэсэн үг толгойд минь эргэлдэж дацанд орчихвол л бүх номыг мэдчих юм шиг санаж байлаа.
Гончиг гуайнхаа тухай яриандаа оръе. Өргөн мөртэй, өв тов цоохор нүүртэй, хав дөрвөлжин цээжтэй тун чиг хийцтэй сайхан лам байв. Одоо ч би гэсгүй гуай шигээ лам олж харахгүй л байна. Сүръяа нэртэй байсныг мэдэх ч хүн бараг байхгүй дээ. Хүрээ орж ном үзэхээр нутгаасаа гараад замдаа овооны наадамд барилдаж түрүүлээд цай дээлийн даавуугаар шагнуулж байсан юм гэнэ лээ.
Дашчойнпэл гэдэг их айл байсан юм шүү гэж дандаа хэлнэ. Одоо бодохноо энэ их дацан, эрдмийн их өргөөг хүндлэх, бишрэх сэтгэлийг суулгаж байж дээ.
Нэгэн зүйлийг л энд дурдатгая. Дацангийн олон ажлыг надад даатгадаг байлаа. Итгээд тэгж байсныг зарагдаж байгаа мэт л мунхарч байж. Ном үзмээр байдаг гэтэл човонбо , номын санч, заримдаа нярав, нягтлан ч шиг олон ажил оноогоод жаахан түүртэж байв. Нэг өдөр балингийн гал мод зорж суугаад хурал дундуур орж иртэл гэсгүй гуай "хаашаа алга болчихов чи, Америхаас Жамбалдорж гуай нэг юм өгүүлж хүлээж авах гэсэн юм, та нар ер нь хаашаа улс вэ?" гээд ширүүн байна. Тэр ажил ч тэгсгээд дууслаа. Би нэг л өмнөхөө дийлэхгүй байна өөр олон лам нар бий шүү дээ гэсгүй гуай гэтэл - "хаяагаар багтаж орж ирээд хаалгаар багтахгүй том болсон байна чи маргааш битгий ирээрэй" гэж загналаа. Ер нь л ирмээргүй л санагдаж байна.
Маргааш нь өглөө боллоо. очихгүй л бол хэн тахилаа тавих вэ хэн арцаа уугилах уу, Жадонба судраа хэн тавьж гадилуулах вэ гээд очихоос өөр арга алга. Очлоо. Хурлаа эхлүүлээд байж байтал гэсгүй гуай эрхээ хуруундаа хийсэн гараараа ир гэж дохиж байна. Хулгас хийгээд очлоо. Суу энд гэлээ. Хажууд нь дандаа сууж сурсан суудал дээрээ анх удаа сууж байгаа хүн шиг өнцөгдөсхийн сууж байтал гэсгүй гуай өврөөсөө олон түлхүүр гаргаж өгөөд чи манайд очоод ир. Ширээн дээр нэг ваар бий арчиж тавчихаад ир гэж байна. Гэсгүй гуай барагтай хүнд түлхүүрээ өгөх байтугай харуулах ч үгүй. Баруун хойш алхасаар очтол төмөр дээвэртэй , мөөрөн шалтай жижиг гэрийнхээ баруутаа нүдтэй хүрэн олбог тавьж жижиг явган ширээн дээр хөх луутай вааранд айраг хийж, хажууд нь хул тавиад цагаан марлаар бүтээсэн байв.
Намрын сүүл сард айраг байтугай ааруул нүдний гэм, 90 ээд оны эхэн юм ховор цаг. Сайхан айраг залгилж, хажууд байгаа жижиг тагш доторх ялимгүй хөрсөн хоёр хуушуурыг хамтад нь зажилсан шигээ суухад ч шавилсан дацантай, сахисан гэсгүйтэй хуварга хүний жаргал араанд аргагүй амтагдаж байна аа. Түлхүүрээ аваачиж өгөв, гэсгүй гуай ч юм дуугарсангүй би ч тэгэх ёстой юм шиг дуугай л хурал номын ажилдаа шуудрав.
Хэрэв би очоогүй бол Дашчойнпэл дацан ганц ламаар юу дутав гэж. Харин гэсгүй гуай маань нэг ламаа ч тэгж хайрлаж, дацангаа гэх сэтгэлийг нь алдагдуулахгүй гэж шөнөжин бодож хонож дээ гэдгийг ойлгож одоо тэр сайхан өвгөн лам нараа дурсан самсаа шархирдаг юм.
Ингэж бидэнд үлгэрлэж, биднийг уран аргаар хүмүүжүүлж байсан юм. Үүнээс хойш барагтай зөрүү зүйл байсан ч намайг өмөөрдөг байсан даа гэсгүй гуай маань. Итгэлийг нь нэг даавал эргэж тэд эргэлздэггүй улс байж дээ гэж бодогддог доо.
2022 оны 5-рсарын 7. Зуны эхэн сарын шинийн зургаан. Гандантэгчэнлин хийд.