Гавж Жигмэд-Осор гуай
Манай Дашчойнпэл дацангийн сүүлийн настай гавж нарын нэг бол Жигмэд-Осор гуай байсан юм. Хуучнаар Балдан засгийн хошуунд төржээ. Өлгийн хийдэд удаан суусан хүн гэдэг. Өлгийн хийд бол Дорноговь аймгийн Мандах сум. Цагаан суваргатай их ойрхон. Нэг эхийн таван лам байсан гэдэг. Бүгд ном эрдэмтэй лам болсон юм гэнэ лээ. Жигмэд-Осор гуайн ярианаас сонссон нь Их ах лам гэх буюу Ядамжав умзад гуай, дүү нь хожим Дилав Хутагт ламыг өргөж өнгөрүүлсэн Жамбалдорж гуай.
Гандангийн зүүн урдтай, Туулын 5, билүү дээ Дамба гэсгүй гуайн хашааны баруунтай байсан шиг санагдана. Төмөр дээвэртэй дөрвөн ханатай гэртэй, ардаа нэг жижигэвтэр чамин байшинтай, жинхэнэ хүрээ гавж маягтай цэмцгэр сууна даа. Манай зиндааны Пунцагцэрэнгийн "га " хагалуулсан гавж багш нь тул бид гэр хашаагаар нь нилээд үймнэ ээ. Ойр зуур яриа айлдвар нь нь ч номын үг агуулгатай.
Нэг зүйл сонордуулья яахав. Бид дүйрэ / учир шалтгааны ухааны эхний ном/ үзээд "нэгээс дээшхи нь олон хэмээхийн билгэ чанар" гэж тогтоочихоод байж байлаа. Тогтоох нэг хэрэг. Дагсал хэлэлцэж нилээд ухаарна. Амьдрал дээр ялангуяа хоолон дээр ойлгоно гэдэг чинь жинхэнэ ухаарч байгаа юм шүү дээ. Бидэнд нэг цанидыг буюу тодорхойлолтыг их сайхан ойлгуулсан юм. Юу болсон гэхээр хавар л юмдаг гавж гуай хурлаа хуруулсны маргааш нь гүнцэгнээс нилээд хэдэн хуушуур үлдсэнийг бид хэд амаа олохгүй шахам идэж суулаа. Гэтэл Жигмэд-Осор гуай: "Одоо та хэд болно оо. Ууганаа, Бямбачулуун эд нарт үлдээхгүй юу" гэлээ. Пунцагцэрэн: "Зөндөө байнаа багшаа" гэв. Гавж гуай багшийн минь эд гээд их нандигнах гоё хийцтэй жижиг шар чимхүүрээр сахлаа зулгаангаа: "Чойрын хүнд ч олон л байгаа байх, Цогчэнгийн хүнд наадах чинь юмгүй боллоо доо" гэж билээ.
Нээрээ л чойрын номоор бол нэгээс дээш бол олон болох учиртай. Хоёр л үлдэхэд болно. Олон хэмээхийн тодорхойлолтыг мэдэхгүй цогчэн уншлага төдий хүнд бол хоёр гурван хуушуур хоосонтой адил байлгүй яахав дээ. Ингэж жирийн яриагаар ч биднийг номд зүглүүлдэг байсан сан. Биднийг номоо сайн үз дахин дахин үз гэдэг байлаа. Сайн үзээгүй ном жаахан завсарлахад худал байдаг юм шүү. Би дом тавчихаад Олон хүрээнд очсон нэг сар хөдөөлөөд хүрээ ороход онки нь худлаа байсан гэж ирээд айлдаж байсныг санах юм.Гавж гуайн хэлж байсан олон сонин зүйл бий гэхдээ өнөөдөр ингээд өндөрлөе. Манай Ганданд олон сайхан ном эрдэмтэй лам нар байсан. Аргагүй сүсэг бишрэл, эрдэм ухааны төв болж байсан орон. Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин чойрын гурван том дацан, Ламрим, Жанрайсэг, Бадма-ёга гурав ч Гандангийн дэнжид байж.
Гавж Д.Лувсанжамц
Зуны эхэн сарын 13н 2022.5.14. Улаанбаатар.