БОДЬ СЭТГЭЛИЙН БЯСАЛГАЛЫН ТУХАЙ
Бодь сэтгэл¹ гэж хамаг амьтныг зовлонгийн хүрднээс гэтэлгэхийн тулд өөрөө төгс гэгээрэлд зорьсон их нигүүлсэхүйн сэтгэл юм. Буддын зарим гүн үзлийн агуу явдалтан эрдэмтэд эл бодь сэтгэлийг “нөхөр сэтгэл”², гэж тодорхойлж байсан бол зарим нь “гол сэтгэл”³ гэж үзэж байсан.
Тодруулбал, Асанга болон Васубандху гэгээн⁴ тэргүүтэй мэргэд үүнийг нөхөр сэтгэл хэмээн нотлон, зохиол бүтээлүүддээ нарийн тайлбарыг хийж байсан бол Вимуктасена⁵ болон Харибхадра⁶ нар гол сэтгэл хэмээн үзэж байсан гэдэг.
Үг зүйн тайлбар толиноо үзвэл санскрит хэлний “bodhicittá” гэдгийн “bodhi” нь гэгээрсэн, сэрсэн гэсэн утгыг илэрхийлэх бол “cittá” нь сэтгэл гэсэн утгыг илэрхийлнэ. Майдарын гэгээний⁷ “Илтэд онохуйн чимэг” хэмээх номонд бодь сэтгэлийн зоригдлыг
- Хамаг амьтны тусыг бүтээх
- Төгс гэгээрлийн хутгийг олох хэмээн тодорхойлсон байдаг.
Бодь сэтгэлийг дотор нь янагуух болон чинагуух хэмээн хуваадаг. Янагуух бодь сэтгэл гэж хамаг амьтны тусыг бүтээхийн тулд төгс гэгээрлийн хутагт зорьсон их нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн, бодьсадвын явдалд төгс дадахыг хэлнэ. Харин чинагуух бодь сэтгэл гэж хоосон чанарыг илтэд оносон билиг билгүүн юм.
Түүнчлэн, янагуух бодь сэтгэлийг ерөөхүйн бодь сэтгэл болон орохуйн бодь сэтгэл⁸ гэж сэдэл, үйлээр нь хоёр ангилна. Шантидэва гэгээн⁹ бээр ерөөхүйн бодь сэтгэлийг алсын аянд гарахыг хүсэгч, харин орохуйн бодь сэтгэлийг хэдийнээ алсын замд гарсан аянчин хэмээн тодорхойлсон байдаг.
Мөн бодь сэтгэлийг үйлээс нь хамаарч 1) хаан мэт бодь сэтгэл, 2) завьчин мэт бодь сэтгэл, 3) сүрэгч мэт бодь сэтгэл хэмээн гурав хуваадаг.
Их хөлгөний номд Бурхан багшаас дамжлагатай бодь сэтгэл үүсгэх хоёр ёс бий гэж үздэг. “Шалтгаан үрийн долоон увдисын үүднээс бодь сэтгэл үүсгэх ёс” нь Майдар, Асанга, Атиша¹⁰ болон Богд Зонхаба зэрэг гэгээнүүдээс уламжлагдсан дамжлага бол “Өөр бусдыг тэгш арилжихын үүднээс бодь сэтгэл үүсгэх ёс” нь Манзушри¹¹, Нагаржуна¹², Шантидэва болон Атиша зэрэг гэгээнүүдээс уламжлагдсан дамжлага ажээ. Эдгээр хоёр дамжлага хоёулаа Атиша гэгээнд дамжигдан ирсэн байдаг. Тэрээр эхний ёсыг нийтэд айлдсан бол удаахыг нь өөрийн тааллын шавь Бромдонба¹³ гэгээнд дамжуулсан байдаг.
Богд Зонхабагийн тайлбар шастирт “Шалтгаан үрийн долоон увдисын үүднээс бодь сэтгэл үүсгэх”-ийн тулд
- Хамаг амьтныг өөрийн эх хэмээн таних
- Ачийг нь санах
- Ачийг нь хариулах
- Асрах
- Нигүүлсэх
- Үлэмж үзэл үүсгэх
- Бодь сэтгэл үүсгэх гэсэн дэс дараагаар бясалгахыг дурдсан байдаг.
Номын хаан цорж Бизъяагийн¹⁴ туурвисан “Амар мөрийн зүрхэн чихний үндэслэл увдисын чухал шим” хэмээх бясалгалын хөтөлбөр номд “Өөр бусдыг тэгш арилжихын үүднээс бодь сэтгэлийг үүсгэхийн ёс”-ыг
- Өөр бусдыг тэгш хэмд сэтгэх
- Хамаг амьтныг эхэд мэдэх
- Ачийг санах
- Өөрийг энхрийлэх сэтгэлийн гэмийг санах
- Бусдыг энхрийлэхийн эрдмийг санах
- Өгөх, авах
- Бурханы хутагт зорих гэсэн зэргэмжээр бясалгахыг номлосон байдаг.
¹ төвөд. བྱང་ཆུབ་ཀྱི་སེམས་; англи. great compassion
² төвөд. སེམས་བྱུང་; англи. mental state
³ төвөд. གཙོ་སེམས་; англи. main mind
⁴ Ертөнцийн зургаан чимгийн нэг хэмээн алдаршсан Васувандху гэгээн
(санскрит. Vasubandhu; төвөд. དབྱིག་གཉེན་) Энэтхэгт лагшин мэндэлсэн. Тэрээр
Асанга гэгээний төрсөн дүү, бага хөлгөний ёсны их эрдэмтэн, бүтээлч байсан бөгөөд түүний туурвисан олон бүтээлээс авидармын аймгийн тайлбар болох “Abhidharmakośa” (төвөд. ཆོས་མངོན་པའི་མཛོད་) их, бага хөлгөний ёсны гол судлагдахуун болсон. Хожим их хөлгөний ёсыг хүлээн авч “Triṃśikā-kārikā” (төвөд. ཚིག་ལེའུར་བྱས་པ་སུམ་ ཅུ་པ་) хэмээх бүтээлээ туурвисан байдаг
⁵ Vimuktisena (төвөд. ཕགས་པ་རྣམ་གྲོལ་སྡེ) нь НТ VI зуунд амьдарч байсан гэгээн бөгөөд Майдарын гэгээний айлдсан "Abhisamayālaṃkāra" -д анхны тайлбарыг хийж байсан.
⁶ Haribhadra (төвөд. སེང་གེ་བཟང་པོ་) VIII зууны үеийн Энэтхэгийн бандида бөгөөд билиг барамидын ёсонд нэвтэрсэн нэгэн. Түүний бүтээлүүдээс “Abhisamayālaṃkāra”-д хийсэн тайлбар болох “Sphuṭārthā” их алдаршсан.
⁷ Maitreya (བྱམས་པ་) Бурхан багшийн шадар найман шавийн нэг. Мөн сайн цагийн мянган бурхны тав дахь бурхан бөгөөд Замбутивд Бурхан багшийн дараа залрах бошготой
⁸ төвөд. བྱང་ཆུབ་སྨོན་པའི་སེམས་དང་ནི། །བྱང་ཆུབ་འཇུག་པ་ཉིད་ཡིན་ནོ
⁹ Наландагийн их сургуулийн бандида, бодьсадва Шантидэва (НТ 685 - 763)
буддын гүн ухааны төв үзлийн төлөөлөгч. Тэрээр угсаа залгамжлах ханхүү
байсан хэдий ч Бурхан багш шиг ордноос гарч тойн болсон бөгөөд алдарт
“Bodhicaryāvatāra”, “Shikshasamucchaya”, “Sutrasamucchaya” шастируудыг
туурвисан.
¹⁰ Бүтэн алдар нь Атиша Дипанкара Шризана (Atiśa Dīpankara Śrījñāna 982 - 1054). Тэрээр угсаа залгамжлах ханхүү байсан хэдий ч Бурхан багш шиг ордноос гарч тойн болжээ. Хожим Төвөдөд заларч буддын шашныг ариутган Их хөлгөний ёсыг дэлгэрүүлсэн их гэгээнтэн. Мөн Төвөдийн Гадамбын ёсыг үндэслэсэн.
¹¹ Mañjuśrī (төвөд. འཇམ་དཔལ་དབྱངས) нь Бурхан багшийн шадар найман шавийн нэг.
¹² Nāgārjuna (төвөд. ཀླུ་སྒྲུབ་) нь хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан бөгөөд буддын шашны бүх ёсонд тэгш мэргэшсэн их гэгээн. Хоёр үзлийн хязгаараас хагацсан Төв үзлийн онолыг дэлгэрүүлж, их хөлгөний ёсыг сэргээсэн. Тэрээр Монгол, Төвөд, Энэтхэгийн номын мэргэдийн шүтээний орон болсон их сэтгэгч, гүн ухаантан.
¹³ Бромдонба нь 1004 – 1064 онд Төвөдөд амьдарч байсан бөгөөд Атиша гэгээний гол шавь, номын дамжлагыг нь бүрэн хүртсэн гэгээн.
¹⁴ Номын хаан цорж Бизъяа нь VIII Богд Жэвзүндамба хутагт, Эх дагина
Дондогдулам нарын номын багш, Хүрээний дэд хамба байсан.