Баруун багшийн тухай.
Бидний "Баруун багш" хэмээн хүндэлдэг дээдэс багшийн алдрыг хэргийн тухайд дурдваас Сэр-Од хэмээдэг байлаа. Дашчойнпэл дацан эргэн сэргэхээс өмнөхөн Гандан дуганд гавжийн дамжааны үеэр багшийнхаа дүрийг анх харсан юм. Гончиг гэсгүй гуай их л хүндэлж мөрний эхэнд суулгаж байсан сан.
Удалгүй би Дашчойнпэл дацанд очсон юм . Намар нь Гандангийн баруун урд нэгэн хашаанд багш маань жижиг гэрт морилон бидэнд ном хөтөлдөг болсноос үүдэн “Баруун багш” гэдэг болсон юм. Бид чойрын ном хөтлүүлээд дараагаар нь элдэв зүйл асуун орой болтол суудаг байж билээ. Дөрвөн ханатай жижиг гэрийн бүдэг гэрэлд багшийнхаа айлдварыг сонсож суухад чухам л бурханы оронд номын далайд хөвж байгаа мэт цаг өнгөрдөг байсан. Бидэнд багшийн минь адис жинлав их оршсон гэж боддог юм.
Манай Түвдэнбумсан багшийн хажууд байдаг байсан юм. Оройн цагаар “Бодхичарьяавадра”- г бараг дуустал “Билгэ билгүүний” бүлэг хүртэл хөтлүүлсэн байж билээ. Багшийндаа очихыг, тэнд л байгаад баймаар санагддаг байж билээ. Багшид илт мэдэл хэмээх эрдэм байсан л гэж боддог. Цөөн үгээр аливаа зүйлийг бүрэн ойлгуулж чаддаг нэн ялгамжаатай эрдэмтэй хүн байж билээ.
Багш цанид чойрын зузаан том номуудаас шижид шүн татахдаа цээжээрээ л айлддагсан. Зөвхөн чойрын олон боть ном төдийгүй “Хорчойнжүн” /Алтан дэвтэр/-с хүртэл уншлагын ном шиг цээжээр уншаад л тайлбарладаг байсан. Их Манал , Алтангэрэл зэргийг цээжлэн Эрхэм тойны аймгийг төлөөлөн шанзодвын яаманд шүүлэг өгч байсан гэдэг. Би багшийгаа бурхан бодитой заларч байсан гэж итгэдэг.
Багш маань дээдэс багш нарынхаа тухай, эрдэмтэй лам нарын тухай асууваас айлдахаас бус өөрийнхөө тухай нэг ч зүйл айлддаггүй байсан юм. Нэг удаа бид ном хөтлүүлж байлаа. Миний санахад “Умпар гаадон” шиг санадаг юм. Түвдэнбумсан лам хэлэхдээ "Хорчойнжүн"-гийн сүүлийн бүлгийн баргавцэгжод буюу бүлэг завсрын шүлэгт байдаг шиг санагдаад байна гэдэг юм. Юутай ч “Шашны далай хөлдөөд дээдэс жийчэн лам нар дулаан орныг зорино гэсэн үг” номд гарч зарим нэгэн хөл нь хөлдсөн хун галуу мэт нуурандаа үлдэнэ гэсэн далд утгаар үлгэрлэн дүйцүүлж айлдсаны утгыг бид багшаас лавлахад " - Яахав мань мэтийн юмыг хэлсэн юм болов уу даа“ гэж билээ. Үүнийг би багш маань үнэхээр дээд төрлөхтөн бөгөөд шашны хэргийн тухайд хатуу цагийн сүүлд заларсан бодьства ажээ хэмээн өөрийнхөөрөө ойлгосон юм.
Манай Дашчойнпэл дацангийн гярган лам Лувсан гуай "Багшийг тань “Жамбийян бодитой мөн” гэж хүндэлдэг юм. Анги лам / анги Шагдар/ гуайд бараалхан ном заалгаад хичнээн шүн татна тэднийг соронзон хальс шиг цээжилчихдэг бид гарч ирээд бичиж авдаг байсан хэмээн ярьж байж билээ.
Багш анги ламбагуайгаас сахил хүртэж Ишжамц хэмээх нэр хүртэж байсан гэдэг. Мөн Анги ламтан ном зохиохдоо баруун багшийг дуудан бичүүлж байсан гэнэ лээ. Багшийн аавын тал Илдэн Бэйлийн хошууны улс байсан гэдэг. Багшид минь олон жил бараа болж энэхүү номыг бүтээж буй багшийн дүү Одсүрэн гуай үүнийг батлан ярьдаг юм.